top of page

СУРГАГЧ БАГШ НАР

Logo only.png

Тогоонтөмөрийн Баянжаргалан

АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ БОЛСОН ТҮҮХ, ЯАГААД БАГШЛАХ БОЛСОН БЭ?
.....
ИРЭЭДҮЙН ХӨТӨЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
....

Мөнхбөт_edited.jpg

Батбэхийн Мөнхбат

ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛОВ?

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн 3 дугаар курс төгссөн зун анх АХТ-аар ажилласан. Ингээд дараа жил нь буюу 2006 онд МХТХолбооны АХТ-д ур чадвар олгох сургалтанд сууснаас хойш одоог хүртэл тасралтгүй 15 зун ажиллаж байна даа.  Гадаадын жуулчдад Монгол орныхоо өөр улсуудад байхгүй онцлог бүхнийг ярихад өөрийн эрхгүй Монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэл төрдөг.

    АЖЛЫН ТУРШЛАГА

Аялалын Хөтөч Тайлбарлагчаар 2005 оноос одоог хүртэл ажиллаж байна.

2010 оноос 2017 оныг хүртэл МХТХолбооны туслах багш, 2018 онд Дэлхийн Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгээс явуулсан Үндэсний сургагч багшийн сургалтанд хамрагдаж сургагч багш болсон.

   FUN FACTS or HOBBY

Байгалийн сайхан, түүхэн дурсгалт газруудаар яваад үзэж харж байгаа болгоноо дотны хүмүүстээ үзүүлэх гэж гэрэл зураг авч эхэлж байлаа. Одоо үүнийгээ хобби болгон хөгжүүлж байгаа.  Байгалийн  (Landscape) төрлөөр зураг авдаг. Миний хувьд аялалын төгсгөлд авсан зурагнуудаараа slideshow хийж жуулчддаа үзүүлдэг, сайхан мэдрэмж авдаг шүү.

ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ? 

Жуулчид гадны хүний нүдээр харж бид өөрсдөө ч олж харж байгаагүй тийм зүйлсийг  асууна. Энэ нь биднийг Монгол улсаа өөр талаас нь харах  боломжийг нээж өгдөг. Хүн мэдээж бүгдийг мэддэг биш болохоор бүдэрсэн асуулт болгондоо хариулт олох гэж их хичээдэг. Ном зохиол уншдаг, мэргэжлийн сургалт, семинаруудад хамрагддаг. Сайн дурын ажлууд хийдэг.

bavka-image.jpg

Амгаланбаярын Батбаяр

АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ БОЛСОН ТҮҮХ, ЯАГААД БАГШЛАХ БОЛСОН БЭ?

Тэртээ 90-ээд оны дунд үед оюутан байхад англи хэлийг л сурчихвал цаашдын ажил амьдрал болчих юм шиг санагддаг байсан цаг. Тэр бодолдоо хөтлөгдөн хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор гадныханд орчуулагч хийн хөдөө гадаа явдаг болсон. Одоо бодоход англи хэлтэй хүнтэй л харьцаж байвал хэнтэй, хаашаа явах, ямар цалин хөлс авах нь хамаагүй байжээ. Харин 2000 онд хөтөч тайлбарлагчийн албан ёсны сургалтанд хамрагдсанаар илүү олон төрлийн аялалд хөтчөөр ажиллах боломжтой болж Монгол орныхоо олон сайхан газраар аялсан. Ингэж явахдаа манай улсын аялал жуулчлал арвин их нөөц боломжтой, ирээдүйтэй салбар, жинхэнэ “ногоон” экспорт гэдгийг ойлгосон.

Байгаа баялгаа ухаад өгчихгүй, гадны зочин гийчинд улс орныхоо байгалийн сайхныг үзүүлж, соёл уламжлалаа таниулан сурталчлаад явуулчихдаг, жуулчинд үйлчилж буй хүн бүр ажлаа сайн хийх тусам улам олон жуулчин зорин ирж Монгол орныг бахдан биширдэг нь аялал жуулчлалын гол татах хүч гэж боддог. Энэ салбарт ажилласан хүний мэдлэг чадвар заавал хөгжиж байдаг. Даяаршсан дэлхийн иргэдтэй хөл нийлүүлэн алхахад нь нэмэр болох юугаар ч орлуулшгүй боловсрол болдог нь яах аргагүй аялал жуулчалын бусад салбараас онцгойрон ялгарах давуу тал юм. Багшлахын тухайд өөрийн сурч мэдсэнийг шинэ залуу хөтөч тайлбарлагчидтай хуваалцах, мэргэжлийн түвшинг ахиулахад нь тус нэмэр болох, зааварлаж зөвлөх явдал бол аялал жуулчлалын салбарт ажиллаж буй бидний үүрэг хариуцлага мөн бөгөөд аялал жуулчлалын салбарын ирээдүйд оруулах хувь нэмэр юм.


ИРЭЭДҮЙН ХӨТӨЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Аяллын хөтөлбөрөө сайтар судлан төлөвлөх хэрэгтэй. Очиж үзээгүй газар, таньж мэдэхгүй үзмэрийг урьдчилан судалж, үүх түүх, зураг хөрөг, байршил гээд аль болох бүрэн гүйцэд ойлголттой байвал жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанар, өөрийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар ч хурдан сайжирна. Өөрөөр хэлбэл, бэлтгэл сайн байвал үр дүн, ахиц хурдан гарна.

Muunuu.jpg

Мөнхбаярын Мөнгөнцэцэг

  ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛОВ?

2008 онд Соёлын дээд сургуулийг Аялал жуулчлал зохион байгуулагч-гадаад хэл мэргэжлээр төгсөөд Монголын Үндэсний музейд тайлбарлагчаар ажиллаж эхэлсэн.

2018 онд сургагч багшийн сургалтанд хамрагдсан. Өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ 10 жил ажилласны үр дүнд мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах, салбарынхаа хүний нөөцийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тээж сургагч багш болсон. Музей бол хүний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээдэг соёлын байгууллага. Энэ ч утгаараа соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллаж байгаадаа хамгийн их баяртай байдаг. Энэ ажилдаа дуртай, би ажлаа чин сэтгэлээсээ хийх хүсэл эрмэлзлэл тээж ажилладаг.

Одоо МУИС-ийн Түүхийн докторантад суралцдаг.

    АЖЛЫН ТУРШЛАГА

2019 оноос МХТХ-ны сургагч багшаар ажиллаж байна.

2008 оноос хойш Монголын Үндэсний музейд тайлбарлагчаар ажиллаж байгаад 2018 онд куратор- ахлах тайлбарлагч болсон.

МУИС-д “Аялал жуулчлалын менежмент”-ээр магистраа хамгаалсан.

   FUN FACTS

Би ер нь хөгжилтэй байх дуртай. Гэхдээ хошин шогийн жүжигчдийн дайнд хүрэхгүй бас “3 саяын инээд” нэвтрүүлэгт ч орж үзээгүй.  За тэгээд надтай хамт байвал бага ч гэсэн хөгжилтэй хүн гэдгийг мэдэрнэ дээ.

ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ? 

-          Ном, судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл уншдаг. Үндэсний номын санд уншигчийн карт нээлгэсэн учраас хэрэгтэй ном бүтээл авч уншихад амар байдаг. 

-          Англи хэлээ сайжруулах зорилгоор өгүүлэл уншдаг. Podcast, лекторуудын илтгэл зэргийг сонсдог.

Tulga.jpg

Отгонбаатарын Тулга

АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ БОЛСОН ТҮҮХ, ЯАГААД БАГШЛАХ БОЛСОН БЭ?

1997онд Англи хэлтэй хүн олон байгаагүй. Тийм учраас шууд энэ ажилд авсан. Энэ ажил намайг олсон. Олон орны өөр өөр хүмүүстэй ажилладаг ба өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг ажил шүү. + Олон хоббитой болж байна даа.

АЖЛЫН ТУРШЛАГА

1997-2000 -Нүхт Тур АХТ/ менежер

2000-2003 Номин Турс-АХТ/ менежер

2003-2004 АНУ-ын USAID аялал жуулчлалын төсөлд- Мэргэжилтэн

2003 оноос одоог хүртэл АХТ-ын сургалтанд багшаар ажиллаж байна

2004- одоог хүртэл Номадик Трэйлс ХХК- захирал/АХТ

FUN FACTS and HOBBY

Фото зураг- Байгалийн болон хөрөг зураг авах хоббитой.

Үндэсний нум сумын харваа ба морьт харваагаар хичээллэж байна.

Хөгжилдөхгүйгээр аялал бүтэхгүй ээ. Байнга л хөгжилтэй үйл явдал тохиолдоно. Хөгжилдөх хүсэл ихтэй болоод тэр байх. Амьдрал өөрөө тэр чигээрээ сургамжтай үйл явдал.

ИРЭЭДҮЙН ХӨТӨЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Ажигла, унш, ойлго, суралц, хөгжүүл! Өөрийгөө маш сайн боллоо гэж хэзээ ч бүү бод. Аливаа том, жижиг амжилтанд ханаж огт болохгүй.

МЖ_edited_edited.jpg

Батмөнхийн Мөнхнаран

  ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛОВ?

Анх арваад жилийн өмнө сайн дурын ажлаар ирсэн эмч нарын багт ложистик хариуцан явж байхдаа Аяллын хөтөч тайлбарлагчаар ажиллах сэдэл төрж, тэр даруйдаа АХТ-н сургалтад бүртгүүлэн шалгалтандаа тэнцсэнээр анх ажиллаж эхэлж байсан юм. АХТ-аар ажиллах болсноороо надад гадны олон найзуудтай болохоос эхлээд өөрийгөө байнга сорих, шинэ зүйлд суралцах зэргээр зогсолтгүй хөгжиж ирсэн.

    АЖЛЫН ТУРШЛАГА

2008 оноос эхлэн аяллын хөтөч тайлбарлагчаар ажиллаж байгаа

2018 онд WFTGA -н үндэсний сургагч багшийн сургалтыг дүүргэж

2019 оноос МХТХ- ны сургагч багшаар ажиллаж байгаа. 

   FUN FACTS

Цөөхөн хэдэн орноор аялж үзсэн. Цаашдаа мөн аялахаа зогсоохгүй ээ. Хувь хүн маань ер нь их эрсдэлд дургүй талдаа, гэхдээ ямар ч зүйл дээр өөрийгөө сориход бэлэн байдаг. Миний хувьд хамгийн эрсдэлтэй зүйл гэвэл дэлхийн хамгийн өндөр Bungee Jump-уудын нэг Балба улсын Bhote Kosi гол дээгүүрх 160 метр өндөр гүүрнээс үсэрсэн явдал юм. Үхсэн ч хамаагүй ээ гээд гарын үсэг зурахад бас л эвгүй байдаг юм байна лээ.

ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ? 

“Чи чадна гэж бодож байвал чи чадна, чиний зөв!

Чи чадахгүй гэж бодож байвал бас л чиний зөв, чи чадахгүй !” гэдэг үг л их хурцалдаг даа.

Бусдаар хаа сайгүй өөрийгөө хэрхэн хөгжүүлэх зөвлөмж дүүрэн байгаа. 

Ишээ.jpg

Баттулгын Ишбалжир

АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ БОЛСОН ТҮҮХ, ЯАГААД БАГШЛАХ БОЛСОН БЭ?

2000 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй АХТ-аар ажиллаж байна. Анх ажиллаж эхэлж байхад яг юу хийгээд байгаагаа сайн ойлгодоггүй байлаа. Харин явцын дунд энэ ажлыг хийснээрээ дэлхий дахины олон олон маш сайхан хүмүүстэй уулзаж мөн тэдгээр хүмүүст эх орныхоо сайхныг, түүх соёлынхоо гүн гүнзгийг таниулж, тэдгээр хүмүүсийн гайхан биширч байгааг харах нь энэ ажил хийхийн хамгийн сайхан нь юм байна гэдгийг ойлгож авсан.

АЖЛЫН ТУРШЛАГА

2000 оноос өнөөг хүртэл АХТ, аяллын ахлагчаар тасралтгүй ажиллаж байна.

2003 оноос хойш МХТХ-нд АХТ-ын ур чадвар олгох сургалтын багшаар ажиллаж байна.


FUN FACTS and HOBBY

Анх АХТ болсон жилээ нэгэн жуулчин тахианы цээж мах буюу “white chicken” идмээр байна гэснийг нь шууд цагаан тахиа гэж ойлгоод тахианы гуя махыг “энэ цагаан өнгөтэй тахиа байсан юмаа” гээд өгч байж билээ.

ИРЭЭДҮЙН ХӨТӨЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Алс холоос сэтгэл гаргаад, цаг заваа зориулаад, мөнгө төгрөгөө төлөөд Монгол орныг маань зориод ирсэн хүмүүст сэтгэл гарган аав ээж, ах эгчээс минь ялгаа юу байх вэ, яавал нэг аятай тухтай аялуулчих вэ гэсэн хүсэл бодлоор энэ ажлыг сайхан хийгээсэй гэж хүсэж байна.

Enkh-Amar.jpg

Батчулууны Энх-Амар

  ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛОВ?

Их сургуулийн 3-р ангийн оюутан сурч байгаа хэлээрээ, тухайн орных нь хүнтэй харилцаж үзэхсэн гээд анх МХТХолбооныхоо сургалтанд суралцан, тэр жилдээ Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадмыг Төв цэнгэлдэхдээ жуулчидтайгаа үзэж тэрүүхэндээ л огшоод энэ ажлыг хийхээр шийдэж байлаа. Түүнээс хойш нэг ч зун алгассангүй. Хуримтлуулсан багахан туршлагаасаа хуваалцаж, нэг ч гэсэн хүнийг АХТ ажилд чин сэтгэлээсээ дурлуулж, Монголоо зөвөөр таниулах сэдэл өгөх нь миний эх орныхоо төлөө хийх ёстой бяцхан хувь нэмэр юм. Азаар энэ хүсэл минь Үндэсний сургагч багш гэсэн нэрийн дор амжилттай биелж байна.

    АЖЛЫН ТУРШЛАГА

Тийм ч түгээмэл биш хэлний хөтөч би өнөөг болтол нийтдээ 20 гаруй компанид, 1000 гаруй хоног АХТ-р ажилласан байдаг юм.

АХТ хийж байхад ч, бусдад мэдлэг туршлагаа хуваалцан хичээл зааж байхад ч гомдох, айх, ичих, тэвчээр алдах, сэтгэлээр унах, уйлах ч үе байна. Гэхдээ итгэлээ алдаж байсангүй, бас эх орныхоо гүүр нь байх урам зоригоо гээсэнгүй, аажуухан урагшилсаар байна.

Багахан туршлага, мэдлэгээ хуваалцаж, хэн нэгэнд “багш” гэж хүндлэгдэгдэх нь надад АХТ хийхээс дутуугүй сэтгэл ханамж төрүүлдэг учраас би сургагч багшийн ажилдаа дуртай.

   FUN FACTS and HOBBY

Би “Р” үсгийг тод хэлж чаддаггүй. “Р” үсгийг маш тод хэлдэг испани хэлт жуулчид маань монгол хэлэнд “Р” авиа байдаггүй гээд буруу ойлгочих вий гэсэндээ бараг л тосож авмагцаа шахам энэ тухайгаа залруулга хэлж санаагаа амраадаг хүн дээ, би.

Бас гадаад, дотоод аль ч хүн миний үсний талаар “хэдэн жил ургуулсан?”, "сард хэдэн шампунь хэрэглэдэг?" гэж асуухад унтаж байгаад ч хариулж чадах хэдэн блиц хариулттай. Ажлаа хийж, шинээр олон хүнтэй харилцах явцад өдөрт энэ асуултад бараг 10 удаа хариулах үе ч бий.

ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ? 

Ном уншина, салбарын сургалтуудад хамрагдана. Ажлаа хийж байхдаа цаг үргэлж өөрийгөө жуулчдынхаа байранд тавьж бодно, тэр үед аяндаа яах ёстойгоо мэднэ.  

Sugaraa 2.jpg

Халтарбандийн Сугар

ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛСОН БЭ? 

1998 онд хөтөч тайлбарлагчаар ажиллаж эхэлсэн. Олон үндэстний хүмүүстэй уулзаж үзэл бодлоо хуваалцах, эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах, сурталчлах нь энэ ажлын хамгийн сайхан нь ба залуу үеийнхэнд үүнийг зөвөөр ойлгуулах, өөрийгөө хөгжүүлэхэд туслахдаа маш их баяртай байдаг. Монгол улсад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд сургагч багш болж салбартаа орж ирж байгаа шинэ залуучуудтай чадвараасаа хуваалцаж цаашдаа манай салбарт ажиллахад туслахын тулд хамтарч ажиллах дуртай.


АЖЛЫН ТУРШЛАГА

1998 – 2005: Аяллын хөтөч тайлбарлагч

2005 оноос хойш Монголиан-вэйз ХХК-д Ерөнхий менежер хийхийн зэрэгцээ хөтөч тайлбарлагчийн ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад, одоо Гүйцэтгэх Захирал албан тушаалтайгаар ажиллаж байгаа.


FUN FACTS and HOBBY

Ном унших дуртай. Аялалд явахдаа хувцаснаасаа их ном авч явж жолооч нараараа шоолуулдаг байсан 😊 Одоо үед мэдээлэл олох амар болжээ.

ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ? 

Аяллын хөтөч тайлбарлагчаар  ажиллаж байгаа залуучуудтай хамтарж ажиллаж, ярилцаж шинэ соргог мэдээ болон тулгамдаж буй асуудлуудын тухай ярилцаж боломжит шийдлүүдийг хайдаг.  20 жилийн дараа ч гэсэн энэ ажилдаа хайртай, шинээр ирж буй аяллын хөтөч тайлбарлагч нарт шинэ соргог мэдээлэл хүргэх чадвартай байхын тулд юм их уншихыг хичээдэг.

Batsuren_edited.jpg

Жамъяансүрэнгийн Батсүрэн

  ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛОВ?

Хүүхэд байхаасаа аавыгаа дагаж хөдөө гадаа аялах дуртай байсан нь 10 жилдээ Газарзүйн хичээлийг сонирхон судлах шалтгаан болж улмаар Аялал Жуулчлалын менежментийн чиглэлээр Их сургуульд суралцаж төгсөн 2010 онд анх “Монгол Дэрби” морин уралдааны үеэр орчуулагч хийж эхэлсэн ба энэ ажилдаа улам татагдаж эхэлсэн. Түүнээс хойш 2012 МХТХ-ын сургалтанд хамрагдаж “Mongolia Expeditions” адал явдалт аяллын компанид хөтөч тайлбарлагчаар ажиллаж эхлэн өнөөдрийг хүртэл тус салбартаа тууштай ажиллаж байгаа. Монгол орноо дэлхийн олон орны аялагч жуулчдад хамгийн сайнаар танилцуулж сурталчилж ирсэн өөрийн туршлагыг бусадтай хуваалцах хүсэлдээ хөтлөгдөн сургагч багшаар бэлтгэгдэж суралцсан.

    АЖЛЫН ТУРШЛАГА

Хувь хүн талаасаа би өөрөө спортод дуртай, аливаа адал явдалд татагддаг болоод ч тэр үү идэвхитэй адал явдалт аяллуудыг дагнан зохион байгуулдаг “Монголиа Экспедишнз” компанид 2012 оны зунаас эхлэн уулын дугуй, уулын явган, ууланд авирах, морьтой, автомашинтай гэх мэт олон төрлийн хээрийн аяллуудын хөтөч хийж эхэлсэн.

   FUN FACTS and HOBBY

Аяллын хөтөч хийж эхэлсэн анхны жил болсон нэгэн хөгжилтэй ч гэмээр, сургамжтай ч гэмээр явдал одоо хэр нь санаанаас гардаггүй юм. Хоёр щвейцарь жуулчинтай хамт говь руу гараад шидэвээ. Тэр 2 мэдээж Монголд анх удаа ирж байгаа нь тэр би өөрөө бас анх удаа говь руу явж үзэж байгааг ч хэлэх үү бид 3-ын хувьд бүх юм шинэ сонин байлаа. Мэдээ хөтөч нь юм болохоор сонирхолтой яриа өрнүүлэх хэрэгтэй гэж бодоод: “Бид нар удахгүй замдаа дайрах Баянхонгор аймгаар дайрч Баянлигийн Цагаан агуй гэж нэг эртний хүмүүс амьдарч байсан ул мөр, хадны сүг зураг ихтэй агуй байгаа” гээд урьд нь хальт сонсож байсан мэдээллээ хэлчихлээ. Удалгүй тэнд очтол хадны сүг зураг битгий хэл эртний хүний ул мөрийг илтгэх юу ч байсангүй. Энэ явдалд жаахан бантаад цааш хөдөлж байтал нэг жуулчин: “Говьд том уул нуруу байдаг болов уу?” гэж асуулаа, тэгэхээр нь би: “говьд уул нуруу гэж юу байх вэ хэдэн ухаа гүвээ, тэгш тал, толгод, элсэн манхан, тэмээ л байгаа” гээд хариулчихлаа. Тэгээд тэр өдрөөс хойш бараг өдөр бүр уул нуруу таарч явсаар хэд хоногийн дараа Ёлын амны сүрт цавчим өндөр хад асга, уул нурууг хараад би нүүрээ хийх газаргүй болтлоо ичиж билээ дотроо. Харин азаар манай хоёр Швейцарь жуулчид их найрсаг хүмүүс байсан тулдаа энийг асуудал болгосонгүй. Тэр явдлаас хойш аливаа аялалд гарахын өмнө  мэдээллээ маш сайн бэлтгэж, жуулчдад үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлгосон доо.

ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ? 

Аяллын хөтөч тайлбарлагч хүн хэдэн жил ажилласан туршлагаасаа үл хамааран цаг үргэлж  уншиж, судалж өөрсдийгөө хөгжүүлж байх нь чухал. Манай орныг нэгэнт сонирхон цаг, зав, амтралт, мөнгөө зарцуулаад зорин ирж байгаа зочид, жуулчдад бид эх орныхоо талаар аль болох сайн, эерэг, бахархал талаас нь тайлбарлахыг хичээж ажилладаг. Ийм учраас гадаадын аль нэг улсаас манай оронд ирж жуулдад сайхан сэтгэгдэл үлдээж, өөрт оногдсон ажлаа хамгийн сайнаараа хийж тухайн аяллыг зохион байгуулж буй компани болон улс орныхоо нүүр царай гэдгээ санаж байх хэрэгтэй гэж санагддаг.

Byambaa.jpg

А.Бямбадорж

ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛСОН БЭ? 

Хэл судлаач, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, аялал жуулчлалын салбарт 1996 оноос аяллын хөтөч тайлбарлагчаар ажиллаж эхэлсэн. 2000 – 2002 онд Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэг (WFTGA) ба USAID, TCI төслийн сургалтанд хамрагдаж Мэргэжлийн хөтөч тайлбарлагч, үндэсний сургагч багшийн мэргэжил эзэмшсэн.

МХТХолбооны үүсгэн байгуулагчдын нэг, тус холбоондоо 2003 оноос одоог хүртэл сургагч багшаар ажиллаж байна.


FUN FACTS and HOBBY

"МУ-н Аялал Жуулчлалын Тэргүүний Ажилтан, Соёлын Тэргүүний Ажилтан." Монгол улсаа гадаадад сурталчлан таниулах үйлсэд идэвхитэй оролцдог. 2002 оноос эхлэн National Geographics (АНУ), BBC, “Tribe” цуврал нэвтрүүлэг (Англи улс), PBS, “Travels to the Edge with Art Wolfe” цуврал нэвтрүүлэг (АНУ), АНЭУ-ын үндэсний телевиз, Бразил улсын үндэсний телевиз, NPR үндэсний радио (АНУ), Conde Nast Traveler сэтгүүл (АНУ), National Geographic Magazine сэтгүүл (АНУ) зэрэг дэлхийн томоохон медиа байгууллагуудаас гадна мэргэжлийн зурагчидтай хамтран ажилласан.

2014 - 2016 онд АНУ-н Netflix компанийн бүтээл Marco Polo цуврал киноны Монгол талын соёлын зөвлөх, 2018 онд Walt Disney компанийн Mulan уран сайхны кинонд Зөвлөх, орчуулагч, 2019 онд Novo Amor Sleepless, Repeat Until Death богино хэмжээний киноны Продюсерээр тус тус ажиллаад байна. 

Дууяа.JPG

Батжаргалын Дуламсүрэн

  ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛОВ?

Эхлээд оюутан байхдаа мөнгө олъё, хэлээ сайжруулъя, газар үзье л гэж бодож байлаа. Ажлаа мөнгөний гахай, зочноо үнэгүй багш гэж бодоод туулайчилж явахаар өөдөлдөггүй юм билээ. 

    АЖЛЫН ТУРШЛАГА

Уг нь 2004 оноос эхэлсэн, гэхдээ 2014 оноос овоо юм ойлгодог болсон. 

   FUN FACTS and HOBBY

Намайг онигоо ярихаар хэн ч инээдэггүй. 

ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ? 

Гэртээ ном уншдаг. Нийллэгэнд гараад найзуудаасаа суралцдаг. Жуулчдыг бол сайн яриулдаг. Багшлахдаа оюутнуудаасаа сурдаг. Жолооч нараараа башир арга заалгадаг. Гэхдээ шүүмжлэлээс хамгийн их юм ойлгодог. 

Ariunaa 1.jpg

Доржсэмбийн Ариунаа

ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛСОН БЭ?

Эхний  шалтгаан маш энгийн, цалинтай эх орноороо аялж, хэлээ сайжруулна гэдэг гэнэхэн санаа. Харин Boojum Expeditions компанийн үүсгэн байгуулагч Kent Madin-тэй тааралдаж өнөө бодол маань гурван зуун жаран хэм эргэж  ажил мэргэжил салбараа ойлгох болсондоо.

АЖЛЫН ТУРШЛАГА

1994 оноос ажлын гараагаа  эхлэн   Boojum Expeditions компанид  хөтөч тайлбарлагч, аяллын менежер, захирлаар ажиллахын зэрэгцээгээр 2003  оноос  АХТ-ын ур чадвар олгох сургалтанд багшилж  байна.

FUN FACTS and HOBBY

Хоббиндоо хөтлөгдөн хоёр дахь мэргэжлээ олсон би азтай хүн. Манай компани жолооч, тогооч,  адуучиддаа зориулж анхан шатны Англи хэлний сургалт явуулсан тэр зун болсон явдал. Аяллын хоёр дахь өдрийн өглөө бороо ороод хүйтэн байлаа. Би адуучин Цэеэ ахдаа тогооч халуун ус бэлэн болсон гэж байна Англиар жуулчиддаа хэл гэж зарлигдлаа. Харин нөгөө ах маань амандаа : За одоо талийгаач аваргынхаа нэрийг л дуудахаас гээд Хадбаатар /hot water/ гээд л уянгалуулаад авч өглөө. Бид  яаж ойлгов доо гээд  бөөн инээд, харин  жуулчид маань ойлгоод майхны дэргэд тавьсан халуун усаа аваад бөөн баяр болсон доо.


ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?

Өөрийнхөө ажиллаж байгаа орны жуулчныг ойлгохын тулд тэдний түүх, соёл, зан заншлын талаархи ном зохиол унших, хамтран ажилладаг компаниудынхаа аяллын ахлагч нараас туршлага судлах гээд тал бүрээр суралцсаар байна.

Аабат.jpg

Ганхуягийн Аабат

  ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛОВ?

орчуулга.мн болон Монголиан голден трейвэлийн үүсгэн байгуулагч. БНХАУ, Тайландын Вант улсуудад магистр бакалаврын зэрэг хамгаалсан. Дэлхийн аяллын хөтөч тайлбарлагчдын холбоодын нийгэмлэгээс итгэмжлэгдсэн сургагч багш. Салбарын хөгжилд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах зорилгоор сургагч багш болохоор шийдсэн. Бусдыг дөт замаар явахад нь туслаж байгаа гэж итгэдэг учраас дуртай.

    АЖЛЫН ТУРШЛАГА

2012 онд ТВУ-ын Чайнат гүнлигийн улсын дунд сургуульд Хятад хэлний багш

2014 оноос одоог хүртэл Хятад хэлний хөтөч тайлбарлагч

   FUN FACTS and HOBBY

Чингис хааны хүрээ бааз дээр жуулчин нэг хөшөөг зааж энэ хэн бэ гэж асуухаар нь холоос хартал эмэгтэй хүн шиг санагдсан тул Өүлэн ижий гэж хэлтэл манай жуулчин очиж хараад танай Чингис хааны ээж сахалтай эмэгтэй байсан бололтой хэмээн хөхрөлдөж билээ.

ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ? 

Тасралтгүй байнга унших, тэр тусмаа аливаа бүхнийг лавшруулж байх нь мэдлэг талаасаа олон төрлийн давуу талыг бий болгодог. Өөрийн үзүүлэн таниулж буй зүйлсийнхээ талаар тухайн улс орон дах ижил төсөөтэй зүйлсийг судалж байх нь орчуулга тайлбарын оновчлолыг улам илүү нэмэгдүүлж өгдөг.

нараа эгч.jpg

Маналжавын Нарангэрэл

ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛСОН БЭ? 

2001 оны 09 сард“Газарчин” дээд сургуульд хуулийн зөвлөх, санхүүгийн ажилтнаар орж ажилласан. Үндсэн ажлын хажуугаар аялал жуулчлалын эрх зүй, зочид буудлын эрх зүй гэсэн хичээлүүдийг  зааж 2 жил гаран багшлаад 2003 оны 04 сараас Монголын Аялал Жуулчлалын Холбооны сургалт хариуцсан менежерээр очсон. Энэ хугацаандаа МАЖХолбоо, АНУ-ОУХАгентлагийн Өрсөлдөх Чадварын Санаачлага төслөөс хэрэгжүүлсэн Аяллын хөтөч тайлбарлагч бэлтгэх үндэсний сургагч багш нартай хамтран анхныхаа  хөтөч тайлбарлагчийн сургалтыг зохион байгуулсан. Энэ цагаас хойш тасралтгүй энэ салбарт ажиллаж тэр дундаа залуу шинэ аяллын хөтөч бэлтгэх сургалтуудыг зохион байгуулсан.

Энэ салбарт хувь хүн үргэлж өөрийгөө хөгжүүлж, харилцаа хандлагаа зөв төлөвшүүлэх, олон орны хүмүүстэй байнга ажиллаж тэдэнд өөрийн эх орноо төлөөлөх эрхэм хүндтэй үүрэг ноогддог гэдгийг ойлгож ажилдаа дуртай болсон.

АЖЛЫН ТУРШЛАГА

-          2001-2003 ОН ГАЗАРЧИН ДЭЭД СУРГУУЛЬ - БАГШ

-          2003-2004 ОН МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО СУРГАЛТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

-          2004-2019  ОН “НОМАДИК ТРЭЙЛС” ХХК АЯЛЛЫН МЕНЕЖЕР, АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ

2005 -2019 ОН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО СУРГАГЧ БАГШ


FUN FACTS and HOBBY

Би аяллын төрөл дотроос адал явдалт морин аялалд явах дуртай.

Бид тайга руу морин аялалд явж байхад адууны халдварт боом өвчин гарсны улмаас жуулчдыг мориор тайга гаргахыг хориглосон шийдвэр гаргасан. Би 6 англи жуулчинтай явж байсан бөгөөд ихэнх нь хуульч , өмгөөлөгч нар байсан.Тэд биднийг холоос ирснийг харгалзаж үзээгүй , тайга руу гаргаагүй гэдэг гомдол дараа нь гаргасан. Би өөрийн орны хууль дүрмийг гадны жуулчдын дэргэд баримталж байхыг илүүд үзсэн ба хэрэв би хорио цээр тогтоосон бүсэд зорчвол тайгын эмзэг хөрстэй газар мориноос цаанд халдварт өвчин халдаах, цаашлаад цаа бугын сүргийн тоог цөөлөх, цаанаас ашиг шимээ хүртдэг айл өрхүүдэд дараа нь олон хүндрэл гарч болохыг ойлгож байсан учраас энэ шийдвэртээ хатуу зогссон. Энэ шийдвэрээрээ дараа нь харилцагч компаний зүгээс ихээхэн торгууль хүлээсэн ч иргэний үүргээ биелүүлж чадсандаа өөрөөрөө маш их бахархаж байсан. Бид өөрсдийн ажлыг үргэлж хууль дүрмийн дагуу нэр төртэй, зөв хийх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.

ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?

-          Тогтмол сургалтанд суух

-          Жуулчдаас ирж байгаа санал хүсэлтийг байнга уншиж юу хүсэж байгааг аяллын менежертэй ярилцах

-          Өөрийн эрүүл мэндийг байнга анхаарч , аялалдаа бэлдэх

-          Тухайн орны жуулчдын сэтгэл зүй , амьдралын хэв маягийг харуулсан ном зохиол, нийтлэл, кино зэргийг унших

Orkhon.jpg

Энхбаатарын Орхон

  ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛОВ?

Эхний аяллуудаа хийсний дараа хөтөч тайлбарлагч гэдэг зүгээр л хэлтэй хүн болгоны хийдэг ажил биш юм гэдгийг ойлгон, мэргэжлийн болохоор шийдэн 2013 онд сургалтад хамрагдсан. Эхлүүлсэн зүйлийнхээ арыг үзэх эрмэлзэлтэй хүний хувьд мэргэжлийнхээ гүнрүү шумбаж эхэлсэн. Өв соёл, үүх түүх, байгалиа бусдад таниулах энэ ажилдаа дуртай.

    АЖЛЫН ТУРШЛАГА

2015 оноос дагалдан багшийн үүрэг гүйцэтгэн, 2018 онд Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн сургалтыг амжилттай дүүргэн үндэсний сургагч багш болж, 2019 оноос үндсэн багшийн үүрэг гүйцэтгэж байна.

   FUN FACTS and HOBBY

Жуулчдын хувьд анхны сэтгэгдэл маш чухал тул биед болон аялалд зохицохуйц хувцаслалт их чухал байдаг. Миний хувьд эхний өдөр заавал Монгол үндэсний хувцсаа өмсөн, жуулчдаа угтан авдаг. Өв соёлоороо бахархахыг өөрөөсөө эхлэх нь чухал гэж боддог.

ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ? 

Мэргэжлийн чиглэлийн номнууд уншин, сургалтуудад суун өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргадаг. Дандаа салбарын хүмүүстэй уулзан, мэргэжлээрээ дагнан суралцахаас илүү өөр өөр орчинд орон, өөр чиглэлээр суралцах мөн дуртай. Хүн хэзээ ч мэргэжилдээ ханах буюу оргилд хүрнэ гэж байдаггүй. Үргэлж суралцах чиг хандлагатай байгаарай гэж хүсэх байна. 

Урнаа.jpg

Дондогийн Урантуяа

ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛСОН БЭ? 

2006 онд “Blue Bandana”экспедишн компанид адал явдалт аяллын хөтчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд өөрийгөө сорин, мөн нээх зорилготой анх аялал жуулчлалын салбарт хөл тавьж байлаа. Аяллын хөтөч тайлбарлагч хүн гэдэг улс эх орноо нэр төртэйгөөр төлөөлөн, сурталчлан таниулж мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлж, тухайн аяллыг амжилттай гүйцэтгэхэд сэтгэл зүрхээ зориулж ажиллан, ямагт өөрийн ур чадвар мэдлэгийг тэлэн, өөрийгөө хөгжүүлж боловсруулахад үргэлж анхааран ажилладаг ийм л хүндтэй үүрэг хариуцлага хүлээсэн мэргэжилтэн юм. Энэхүү хүндтэй ажил мэргэжлийг эрхэлж байгаа болон эрхлэх гэж буй салбарын боловсон хүчнийг чадваржуулж мэргэшүүлэх үйлст хүчин зүтгэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна. 

АЖЛЫН ТУРШЛАГА

2006-2019 онуудад адал явдалт болон түүх, соёлын хөтөч тайлбарлагчаар ажиллаж байгаа бөгөөд 2018 онд Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгээс зохион байгуулсан үндэсний сургагч багшийн сургалтанд хамрагдан амжилттай төгсөж үндэсний сургагч багш болсон. Багшлах хугацаандаа хамт олонтойгоо хамтран нийт мэргэжлийн ур чадварын 3 сургалтыг, мөн аяллын хөтөч тайлбарлагчдын мэдлэгийг өргөжүүлэх зорилттой ерөнхий мэдлэгийн сургалтуудыг амжилттай зохион байгуулалцсан.


FUN FACTS and HOBBY

Нэг удаа намар 9 сарын эхээр жуулчидтайгаа Элсэн тасархайгаас наана нэг баазад хэд хонох болоод, баазаа танилцуулаад, зочдоо байрлуулан оройн хоолыг нь идүүлээд, амрав. Өглөө нь цайндаа орж байхдаа урд шөнө ямаршуухан хонов гээд л яриа өдтөл 2 жуулчин маань даарч хонолоо, харин нөгөө 2 нь даараагүй гэж байна (унтахаас нь өмнө гал түлж өгсөн бөгөөд уг нь тийм даарахаар хүйтэн байгаагүй). Би ч дотроо өнөө шөнө сайн галыг нь түлээд, давхар хөнжил нөмөргөе дөө гэж бодоод баазын ажилтныг дуудаад өнөө орой хүмүүстээ давхар хөнжил өгч болох эсэх талаар асууж лавлалаа. Баазын ажилтан их л гайхаад манай гэрүүд дулаахан, хэрвээ хэрэгтэй бол оруулж өгье л гэж байна. Өдрийн аялал ч дуусаад оройн хоолондоо оров оо. Тэгсэн хоорондоо нимгэн даавууны талаар ярьж байх юм. Нөмөрч унтахад арай л нимгэн гээд л яриад байх юм. Би гайхаад юун нимгэн даавуу яриад байгаа талаар лавлаж асуусан чинь өнөөдүүл маань орныхоо бүтээлгийг нөмрөөд унтсан байж. Би ч тэр талаар нь тайлбарлаад, тэр оройдоо хөнжилдөө орж унтахыг санууллаа. Жуулчид маань өөрсдийгөө шоолоод бөөн инээдэм. Харин би тэр үед энгийн гэлтгүй тайлбар мэдээллийг орхигдуулахгүй хүргэж өгөх нь чухал болохыг ойлгож, харин жуулчид маань паянгаа аяллын турш ярьж хөгжилдөж билээ.      

ӨӨРИЙГЭЭ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?

Монгол орныхоо тухай салбар тус бүрийн мэдлэг мэдээллийг цаг тухайд нь ном , товхимлуудаас уншиж судлан, мэргэжлийн судлаачдын сургалт лекцүүдэд тогтмол оролцон, жижиг гэлтгүй юмсын талаар сонирхож судалж байх нь бидний ажил мэргэжлийг илүү сонирхолтой болгож, мэдлэгийн санг тэлж байдаг гэж боддог. Мөн аливаа шинэ зүйлтэй тулгарч, өөрийгөө сорьж, даван туулан туршлага хуримтлуулах нь аяллын хөтөч тайлбарлагч хүнд байх ёстой нэг чухал чадвар гэж ойлгодог. 

Дамидаа.jpg

Дашпунцагийн Эрдэнэсүрэн /Дамидаа/

  ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛОВ?

Анх 2006 онд Англи хэлний давуу талаа ашиглан хөтөч орчуулагч хийх боломж гарсан.  Гадаадад амьдарч байсан туршлага маань ирсэн зочдынхоо соёлын ялгааг ойлгож, аяллынхаа онцлогийг тайлбарлаж хүргэхэд дөхөм болж, цаашид улам илүү суралцаж, бусдад эх орноо, өв соёлоо сурталчилан таниулах, гайхалтай дурсамж үлдээх хүсэл төрсөн.

Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнтэй газрыг үзэж бишрэхээс гадна маш олон орны янз янзын амьдрал үзэж туулсан хүмүүстэй танилцаж тэдний амьдралын туршлага, түүхээс нь сонсож суралцан халуун яриа өрнүүлэх нь энэ ажлын хамгийн таалагддаг хэсэг. 

Олон жил энэ салбарт дагнаж ажилласны дараа ирээдүй хойч үеэ бэлтгэх, мэргэжлийн хөтөч бэлтгэхэд хувь нэмрээ оруулах боломж гарсанд баяртай байдаг.

    АЖЛЫН ТУРШЛАГА

-          2005 онд анх Цэрэн Турсаар гараагаа эхэлж 2006 оноос одоог хүртэл Номадс турс энд экспедишнс ХХК-д хөтөч тайлбарлагчаар/fixer ажиллаж байгаа.

-          2012 оноос Нью Жуулчин турс компаний америк зах зээлийн аялалд Аяллын ахлагч.

-          2018 оноос МХТХ-ний үндэсний сургагч багш

   FUN FACTS and HOBBY

Агаарын гимнастикийн Жүжигчин, МУИС-худалдааны сургуулийн НББ/бизнесийн удирдлагын баклавр, Олон улсад багшлах эрхтэй Иогийн багш, Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн сургалтанд 2018 онд хамрагдсан үндэсний сургагч багш

ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ? 

Жил болгон ямар нэгэн сургалтанд, ялангуяа түүх, археологи, монгол орны шувуу, амьтан судлалын чиглэлээр доктор, профессоруудын хийдэг сургалт, семинарт заавал хамрагдаж шинэ мэдлэг, мэдээллээр өөрийгөө цэнэглэдэг. Мөн Монголд түүх, археологийн шинэ нээлтүүд байнга хийгдэж, нийгэм, улс төр үргэлж өөрчлөгдөж байдаг учир эдгээрийг учир шалтгаан, баримт мэдээлэлтэй нь мэдэж, бусдад тайлбарлах чадвартай байх, орчин үеийн Монгол хүн байна гэдэг ямар утга учиртай болохыг жуулчдад таниулах нь их чухал болоод байгаа.

Badrakh 2.jpg

Дамбын Бадрах

ЯАГААД АХТ-ЭЭР АЖИЛЛАХ БОЛСОН БЭ? 

Тэртээ 95 онд МУИС-н ОУХДС-н оюутан болоод удаагүй байхад Монгол-Солонгосын хооронд МИАТ компани маань анхны шууд нислэгүүдээ явуулж эхлэхтэй зэрэгцээд хаалттай байсан Монголыг үзэхээр жуулчид цуварч эхлэв. Солонгос хэлний бараг анхны шахуу элсэлтийн 5 хөвгүүн бид автоматаар дайчлагдаж,  жуулчдад хэл залгуулж эхэлсэн дээ. 
Тухайн үед юун тэр мэргэжлийн үйлчилгээ, зүгээр л нэг жуулчид орон нутгийн иргэд, үйлчилгээний хүмүүс, байгууллагуудтай харьцахад, дунд нь хэл залгуулах төдий л үүрэг гүйцэтгэдэг байж дээ. 
Гарын мөнгө сайн олохтой зэрэгцээд тэр хэмжээгээр жуулчныхаа асуултанд олигтой хариулт өгчихөж чадахгүйдээ ичиж, бухимдах хэдий ч очоод суучих дамжаа битгий хэл, тухайн хэл дээрээ ядаж  A,Б-гүй цээжилчих монголын талаархи ном, материал ч тун хомсхон үе байлаа шүү дээ (дээр нь хэл маань ч бас тийм сайн биш). Гадаадын хүмүүст эх орныхоо сайхан байгаль, зан заншлын талаар мэргэжлийн тайлбар, үйлчилгээ үзүүлдэг хөтөч болохын тулд "зөвхөн хэл сайтай байх хангалтгүй" юм байна гэдгийг л хатуу ухаарч авснаа их юм гэж боддог.


Аялал жуулчлалын орлого уул уурхай, ноолуурын дараа 3-р байранд орж, ДНБ-ий бараг 4%-г эзлэх болов. Аялал жуулчлал авиакомпани, зочид буудал, баазууд, автобус түрээсийн компаниуд, бар ресторан зоогийн газрууд төдийгүй тээр хөдөө байгаа морь, тэмээ унуулдаг малчин өрхөд гээд нүдэнд харагдахгүй маш олон салбарт шууд болон шууд бусаар үр шимээ өгдөг, жинхэнэ утгаараа "ногоон бизнес" билээ. Өргөн уудам нутагтай бидний хувьд мэргэжлийн хөтөч тайлбарлагчийн ажил үйлчилгээ маш чухал төдийгүй, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй, сайхан мэргэжил гэж боддог. 

FUN FACTS

Хангай нутгийн хүү анх удаа жуулчин аваад говь нисэх үед аяллын компаний менежэр маань "Өмнө нь явж байсан, туршлагатай!" гэж хэлээрэй чи гэж хэлээд онгоцонд суулгачихваа. Ядаж байхад хажууд айхтар их юм шалгаадаг жуулчин таараад..."За гайд хүү, танай говь чинь тэгээд гоё уу, битүү элсэн манхан уу, онгоцны буудал нь хөөрч буух хатуу хучилттай зурвастай юм байгаа биз дээ?!" л гэж байна. "Өө гоё гоё, битүү алтран шаргалтах элсэн манхан, зурвастай зурвастай"  гэж хэлж дуусаагүй байтал баазын хажууханд, цэцэг алагласан талд пар хийтэл шороо манаруулаад л газардчихаж билээ. кк

ӨӨРИЙГЭЭ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?

Сурахын зовлон түр зуурынх байдаг бол Сураагүйн зовлон насан туршийнх байдаг..гэдэг дээ. Тасралтгүй өөрийгөө хөгжүүлээд, онгоцны буудлаас зочноо угтаж авахаас эхлээд, буцах хүртэл би эх орноо төлөөлж байгаа элчин сайд шүү гэж ухамсарлаж, ажлаа чин сэтгэлээсээ, мэргэжлийн хандлагаар хийгээд байхад жуулчдаас чинь чин сэтгэлээсээ "баярлалаа" гэсэн үг аандаа цуврах болно. Бидний ажлын онцлог "баярлалаа" гэсэн тэр ганц үгнээс л маш их урам авдаг мэргэжил шүү дээ. За тэгээд бүгдэд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Timur.jpg

Ядамсүрэнгийн Гантөмөр

2001 оноос “Жуулчин”, “Монголиа Треккинг” компанийн аяллын хөтөч тайлбарлагчаар ажиллаж  гараагаа эхэлсэн.
2001-2007 онд “Happy Camel “ компанид  аяллын хөтөч тайлбарлагч , менежер , захирал
2007 оноос одоог хүртэл “Intrepid Travel”, “Peak Adventure”, “Bike Asia” зэрэг олон улсын аяллын компанийн аяллын ахлагчаар ажиллаж байна.
2010 онд “Mongolia Trails” компанийг үүсгэн байгуулсан.
Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны сургагч багшаар 2010 оноос эхлэн багшилж байгаа.
Мөн 2009 оноос хойш жил бүр “Intrepid Travel”-ийн сургагч багшаар ажиллаж байна.

bottom of page