99168741, 86180226
Монгол орныг надаар төсөөлнө гэдэг нь хамгийн гоё
Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны төгсөгч Ангарагтай хийсэн ярилцлага
– Хамгийн анх хөтөч болсон түүхээсээ хуваалцаач?
Би Шанхай хотод их сургуульд сурч байхдаа хятад хэлээ хөгжүүлэхийн тулд, бас өөрийгөө сорьё гэсэн зорилгоор оюутан байхдаа жуулчны хөтөч хийж үзсэн. Ажлын амралтаараа цөөн жуулчидтай аялалд гардаг байсан. Харин 2024 оноос оффисийн ажлаа орхиод бүтэн цагийн хөтөч болсон.
– Хөтөчөөс гадна өөр ямар ажил хийдэг вэ?
Жуулчны хөтөч бол улирлын чанартай ажил. Тиймээс би inbound, outbound зах зээл дээр ажиллахаас гадна БНХАУ-ын хөрөнгө оруулалттай төслүүд дээр орчуулга хийдэг.

– Хобби, чөлөөт цагаа юунд зориулдаг вэ?
Оюутан байхдаа зураг авах, ууланд гарах, аялах дуртай байсан. Монголдоо ирээд ажил гээд гүйсээр таван жил өнгөрчээ. Сүүлийн үед түүхийн номд маш их дурлаж, эрдэм шинжилгээний бүтээл унших сонирхолтой болсон. Энэ зун бол чөлөөт өдөр таарвал нойроо нөхөж авахыг илүүд үзсэн дээ.
– Жуулчны хөтөч тайлбарлагч мэргэжлийн үнэ цэнэ юу вэ?
Миний бодлоор энэ ажил бол хүмүүсийн сэтгэлд үлдэх дурсамж бүтээж өгдөг. Монгол орны түүх, соёлыг зөвхөн жуулчдад танилцуулаад зогсохгүй тэдний дамжуулалтаар дэлхийд таниулах нь үнэ цэнтэй.

– Энэ мэргэжилд ямар хүн илүү тохиромжтой вэ?
Soft skill сайтай, харилцааны чадвартай хүн хамгийн тохиромжтой.
– Хятад жуулчидтай ажиллахад ямар онцлог ажиглагддаг вэ?
Хятад зах зээл өргөн хүрээтэй учраас аяллын хэв маяг нь их өөр. Сүүлийн үед би Тайвань жуулчидтай түлхүү ажиллаж байгаа. Тэд нас өндөртэй хүмүүс байдаг учраас илүү халамж, тайван аялах нөхцөлийг хүсдэг. Маш жижиг детальд хүртэл ач холбогдол өгдөг нь сонирхолтой.
– Мэргэжлийн холбооны сургалт танд хэр тус болсон бэ?
Анх сургалтад суугаад өөрийгөө юу ч мэдэхгүй гэдгээ ойлгосон. Хамгийн гол нь мэдээллээ ангилж, сонирхолтойгоор цэгцтэй ярьж сурах боломж олгосон. Тэрнээс хойш би бүтэн цагийн хөтөч болсон.

– Энэ зун хамгийн их идсэн амттан?
Тайвань жуулчид авчирдаг moon cake, бас сүүн зайрмаг.
– Зуныг гурван үгээр илэрхийлбэл?
Адал явдал, эрч хүч, хайр.
– Гол нуурын эрэг үү, уулын агаар уу?
Энэ зун зүүн тайгад аялсан болохоор уулын агаар давамгайлсан. Нар мандах, жаргахыг жуулчидтайгаа уулын оройгоос харах үнэхээр гайхалтай байлаа.
– Хамгийн хөгжилтэй асуулт?
“Яагаад буудлын алчуураас хонины мах үнэртээд байгаа юм бэ?” гэж асуусан.
– “Энэ өдөр мартагдахгүй” гэж хэлмээр мөч?
12 эмэгтэй жуулчинтай морин аялал хийж байхад бороо цас холилдоод, манан дундаас цаа буга, отог цухуйх мөч үлгэр шиг байсан.

– Жуулчдын хамгийн этгээд асуулт?
Замд таарсан хаалгагүй модон жорлон дээр “Энд яг аль тийшээ харж суух ёстой вэ?” гэж асууж байсан. Инээдтэй хэрнээ бас ойлгомжтой асуулт шүү дээ.
– Таны зун нэг дуу байсан бол?
Б.Шаравын “Сэрсэн тал”.
– Хөгжилтэй явдлаас дурсвал?
Хорьдол сарьдагаар хоёр жуулчинтай фургоноор явж байтал манай машинууд шаварт суусан. Бүх эмэгтэй жуулчид нийлээд түлхэж гаргасан нь маш хөгжилтэй санагдсан.
– Энэ зун хамгийн хэрэг болсон “guide trick”?
Цаасан газрын зураг. Хаана ч байсан гаргаж ирээд storytelling хийхэд хамгийн найдвартай.
– Ирээдүйн хөтөчдөд юу гэж зөвлөмөөр байна вэ?
Жуулчны хөтөч бол үнэхээр гоё мэргэжил. Гэхдээ зөвхөн гадаад хэлээр зэвсэглээд хийхэд амар ажил биш. Цагийн менежмент, тэсвэр тэвчээр, өргөн мэдлэг хэрэгтэй. Манай салбарт чадварлаг боловсон хүчин маш их хэрэгтэй байна. Ахлах ангийхаа хүүхдүүд энэ мэргэжлийг зоригтой сонгоосой гэж хүсдэг. Нэг аялалыг хариуцаж авсан бол сэтгэлээсээ хийгээд дуусгаарай!
Ярилцсанд баярлалаа


