top of page

Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны дүрэм

2019 оны 11 сарын 21-ний өдрийн МХТХолбооны

Бүх гишүүдийн хурлаар өөрчлөн батлав.

 

МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО

ГИШҮҮДДЭЭ ҮЙЛЧЛЭХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Энэхүү дүрмийн зорилго нь Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо Төрийн бус байгууллагын  /цаашид МХТХ гэнэ /  үйл ажиллагааны үндсэн зорилго , зарчим , чиглэл, бүтэц зохион байгуулалт , удирдлага , санхүүжилт , өөрчлөх болон татан буугдах үндэслэл зэргийг тогтооход оршино.

  2. МХТХ нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа аяллын хөтөч тайлбарлагч нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан, Монгол Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн, үйл ажиллагаагаа өөрийн гишүүд болон олон нийтэд ил тод явуулах, гишүүдийн эрх ашгийг илэрхийлэх, салбарынхаа хүний нөөцийн чадавхийг чанаржуулах, бэхжүүлэх үндсэн зорилго бүхий өөрөө өөрийгөө удирдах зарчимтай , гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага мөн.

  3. МХТХ нь Монгол Улсын Үндсэн Хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Аялал жуулчлалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

  4. МХТХ нь үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хуулийн этгээдийн үүрэг хүлээж, хариуцлага хүлээнэ.

  5. МХТХ-г 2016 оны 1 сарын 6-ны өдрийн Улаанбаатар хотод бүх гишүүдийн хурлаар  үүсгэн байгуулсан болно.

  6. МХТХ нь өөрийн тамга, санхүүгийн тэмдэг, бэлгэдэл, албан бичгийн нүүр, харилцах данс, зар сурталчилгааны брэндтэй байна.

  7. МХТХ-ны гишүүд өөрийн нэр, дугаар бүхий гишүүний таних тэмдэг бүхий эмблемтэй байна.

ХОЁР. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ОНООСОН НЭР, ЭРХ ЗҮЙН ХЭЛБЭР, ХАЯГ МЭДЭЭЛЭЛ, НЭР ТОМЬЁО

       2.1 Оноосон нэр: монголоор-Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо  Төрийн бус байгууллага, англиар-Professional Tour Guide’s Association Non Government Organization

            Товчилсон нэр: монголоор-МХТХ ТББ, англиар - MPTGA NGO

       2.2 Эрх зүй, зохион байгуулалтын хэлбэр : Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага

       2.3 Төрийн бус байгууллагын хууль ёсны хаяг : БГД 15-р хороо 3-р хороолол 26-46

             Байршил :  Улаанбаатар хот 14250, Чингэлтэй дүүрэг, Пийс Оффис, 714 тоот

       2.4 Төрийн бус байгууллагын цахим хаяг: www.mptga.org , info@mptga.org

       2.5  Харилцах утас: 99168741, 86180226

2.6 Албан тушаалын нэр томъёо

2.6.1  “Бүх гишүүдийн хурал” гэдэгт холбооны эрх барих дээд байгууллагыг;

2.6.2 “Удирдах зөвлөл” гэдэгт бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт эрх барих дээд зөвлөлийг;

2.6.3 “Ерөнхийлөгч” гэдэгт холбоог дотоод, гадаадад бүрэн эрхтэйгээр төлөөлөх, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаг, Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрх бүхий Бүх гишүүдийн хурлын ердийн олонхийн саналаар томилогдсон албан тушаалтныг;

2.6.4 “Удирдах зөвлөлийн гишүүн” гэдэгт удирдах зөвлөлийн хуралд оролцож, санал өгөх эрх бүхий Бүх гишүүдийн хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар томилогдсон албан тушаалтныг;

2.6.5 “Хяналтын зөвлөл” гэдэгт Удирдах зөвлөл, ажлын хэсэг, гүйцэтгэх захиргааны үйл ажиллагаа нь холбооны үндсэн зорилго, зорилт, үйл ажиллагаанд нийцэх үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тогтмол хянаж, Бүх гишүүдийн хуралд тайлагнах үүрэгтэй Бүх гишүүдийн хурлын ердийн олонхийн саналаар томилогдсон зөвлөлийг;

2.6.7 “Ажлын хэсэг” гэдэгт холбооны 3-аас доошгүй гишүүдийн үүсэл санаачлагын дагуу Холбооны зорилго, зорилт, зарчим, үндсэн үйл ажиллагаанд нийцэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий Холбооны албан ёсны нэгжийг;

2.6.8 “Гүйцэтгэх захиргаа” гэдэгт удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлж өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах үүрэгтэй орон тооны ажилтнаас бүрдсэн ажлын албыг;

2.6.9“Гүйцэтгэх захирал” гэдэгт гүйцэтгэх захиргааг удирдан ажиллаж байгаа удирдах зөвлөлөөс томилогдсон орон тооны албан тушаалтныг,

ГУРАВ.ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ЗАРЧИМ

3.1 Алсын хараа:

Монгол Улсад аялал жуулчлалын салбарт ажиллаж буй аяллын хөтөч тайлбарлагчдын мэдлэг, ур чадварыг үнэлэх системчилсэн тогтолцоо, ажил мэргэжлийн индексийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох, олон улсын жишигт хүргэх

3.2 Эрхэм зорилго, чиглэл:

Аяллын хөтөч тайлбарлагчдын нийтлэг хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэднийг төлөөлөх, мэдлэг боловсрол, ур чадвар олж авахад мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө үзүүлэх, сурталчлах, ажлын байрны нэгдсэн мэдээллийн тогтолцоог бий болгох  замаар ур чадвартай ажилтан болоход нь чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахад оршино.

3.3 Энэхүү эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг үйл ажиллагаандаа чиглэл болгон хэрэгжүүлнэ.

Үүнд:

  1. Аяллын хөтөч тайлбарлагч нарыг МХТХолбооны гишүүнчлэлд элсүүлэх . / цаашид АХТ гэх /

  2. АХТ-дын  нийгмийн хамгаалал, ажлын байрны нөхцөл, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал, цалин хөлсний тогтолцоо, урамшууллын асуудлыг “Аялал жуулчлалын тухай хууль” болон бусад салбарын эрх зүйн баримт бичигт тусгуулах, ажлын хэсэгт тэднийг төлөөлөн орж ажиллах, эрх зүйн таатай орчин бий болгоход оролцох;

  3. АХТ-дын мэдээллийн санг бий болгох, тэднийг хууль ёсны дагуу бүртгэлжүүлэх, статистик тоо мэдээг жил бүр гаргах, холбогдох байгууллагад хүргүүлэх, албан ёсны хуудсанд байршуулах;

  4. АХТ-дын мэдлэг ур чадвар, ажлын арга барил , туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын агуулга стандартыг боловсронгуй болгох, сургалтын нэгдсэн цогц, системчилсэн тогтолцоог бий болгож олон улсын стандартуудыг нутагшуулах, хуваарьт тогтмол сургалт явуулах;

  5. АХТ-дын сургалтын хүртээмжийг сайжруулах зорилгоор үндэсний сургагч багш бэлтгэх, олон улсын эрхтэй багшлах боловсон хүчин бэлтгэх;

  6. Улсын хэмжээнд АХТ-дыг ангилал зэрэглэл тогтоох журмыг боловсруулахад оролцох, стандартыг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах, төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлэх;

  7. АХТ-дыг хууль эрх зүйн мэдээллээр хангах, холбогдох мэдээ мэдээллийг үнэн зөв бодитой, шуурхай хүргэх;

  8. АХТ-дын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, аливаа нийтийг хамарсан урлаг уран сайхан, спортын үйл ажиллагааг зохион байгуулах, салбарын хэмжээнд оролцуулах;

  9. АХТ-дын мэргэжил, ажилласан жилээр нь урамшуулах хөтөлбөрийг боловсруулах;

  10. АХТ- төрийн шагналд тодорхойлох;

  11. Гишүүд хэдэн ч ажлын хэсэгт орж ажиллаж болох ба ажлын хэсэгт орж ажиллах нөхцөл боломжоор хангах;

  12. Өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх;

  13. Үйл ажиллагаандаа баримтлах зарчим:

    1. Үйл ажиллагаандаа Монгол Улсын Хууль, Олон улсын гэрээ конвенц, бусад эрх зүйн акт, тогтоомжийг дээдлэх, удирдлага болгох;

    2. Аливаа байгууллага болон гишүүддээ ил тод байх;

    3. Хүний эрхийг дээдлэх;

    4. Аливаа улс төрийн нам болон, шашин , тодорхой зорилтот байгууллагуудын үзлээс ангид байх;

    5. Гишүүд болон гишүүн байгууллагуудын явцуу ашиг сонирхлоос ангид бүх гишүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалах;

    6. Холбооны гишүүдийн эв нэгдлийг сахих;

ДӨРӨВ. МХТХ-НЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

4.1 МХТХ нь өөрийн эрхэм зорилго болон зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд гишүүдийн татвар, хандиваас гадна төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүд, хуулийн этгээд, хувь хүмүүстэй өөрийн нэрийн өмнөөс итгэмжлэгдсэн эрх бүхий этгээдээр дамжуулан гэрээ байгуулж, ажил үйлчилгээ явуулан орлого олж болно.  

4.2 МХТХ нь гишүүдийнхээ амьдран суугаа орон нутаг болон ажил хөдөлмөр эрхлэх орчин нөхцлийг харгалзан Монгол улс даяар өөрийн салбар, төлөөлөгчийн газар байгуулж болно.

4.3 МХТХ нь салбарын үндсэн чиглэлийн хүрээнд Олон улсын байгууллагын гишүүнээр элсэж, энэхүү дүрмэнд харшлахгүй бол заавар зөвлөгөө, стандартуудыг мөрдөх, эх сурвалж болгож болно.

4.4 МХТХ нь үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг хангах үүднээс аливаа бүтцийн нэгж болон сонирхлын клубуудыг байгуулж болно.

4.5 МХТХ-ны үйл ажиллагаанд хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бол аливаа байгууллага хөндлөнгөөс оролцох, дүгнэлт гаргах, нөлөөлөхийг хориглоно.

4.6 Монгол Улсын болон Олон Улсын нэгдсэн гэрээ конвенц, эрх баримт бичгүүдийн хүрээнд гадаад болон дотоодын аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдүүдтэй хамтран ажиллах, тэдэнд гишүүнээр элсэх, ашиг сонирхлоо хамгаалуулах, төлөөлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллаж болно.

ТАВ. МХТХ-НЫ ГИШҮҮНЧЛЭЛ , ЭРХ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА[D1] 

5.1 Гишүүнчлэлийн төрөл

5.1.1 МХТХ-ны гишүүнчлэл үндсэн 4 төрөл байна.

Үүнд:

  1. Суралцагч гишүүн

  2. Жинхэнэ гишүүн

  3. Хүндэт гишүүн

  4. Дэмжигч гишүүн байгууллага

5.1.2 МХТХ-ны гишүүд энэхүү дүрэмд заагдсаны дагуу гишүүнчлэлд хамрагдах бөгөөд аливаа үйл ажиллагаанд гишүүнчлэлийн төрлөөс шалтгаалж гишүүдийн эрх үүрэг, хүлээх хариуцлага харилцан адилгүй байна.

5.1.3 МХТХ-ны эрхэм зорилго, зорилт, зарчим болон энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн аяллын хөтөч тайлбарлагчаар цаашид ажиллах хүсэлтэй 18 нас хүрсэн Монгол Улсын Иргэнийг суралцагч гишүүнээр, аяллын хөтөч тайлбарлагчаар ажилладаг 18 нас хүрсэн Монгол Улсын Иргэнийг жинхэнэ гишүүнээр, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагыг дэмжигч гишүүн байгууллага – аар тус тус элсэж болно.

5.2 Гишүүдийн эрх үүрэг

5.2.1 Суралцагч гишүүний эрх үүрэг

5.2.1.1 МХТХ-ны гишүүн  аливаа байгууллага хувь хүмүүсийн өмнө өөрийн хууль ёсны эрх ашгаа зөрчигдсөн гэж үзвэл энэ тухайгаа биечлэн өргөдөл гаргаж  3-дагч этгээдийн өмнө хамгаалуулах, төлөөлүүлэх эрхтэй.

5.2.1.2 МХТХ-ны бүх гишүүдийн хуралд болон Удирдах зөвлөл, МХТХолбооны ерөнхийлөгчийг сонгоход саналын эрхгүйгээр оролцоно.

5.2.1.3 МХТХ-ны зохион байгуулагдах сургалт болон бусад үйл ажиллагааны хөтөлбөр, арга хэмжээнд хөнгөлөлт эдлэх эрхтэй.

5.2.1.4 МХТХ-ны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж , зохион байгуулагдах арга хэмжээ сургалтын хөтөлбөрийн талаар мэдээллийг дэлгэрэнгүй, шуурхай авах эрхтэй.

5.2.1.5 МХТХ-ны хамтран ажилладаг гэрээт байгууллагуудаас хөнгөлөлт авах эрхтэй.

5.2.1.6 МХТХ-ны гишүүний татвараа тогтоосон хугацааны дагуу төлөх үүрэгтэй.

5.2.1.7 МХТХ-ны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах үүрэгтэй.

5.2.1.8 МХТХ-ны дүрэм, холбогдох журмуудыг мөрдөх үүрэгтэй.

5.2.1.9 МХТХолбооны зүгээс гишүүдэд зориулан хийж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцох үүрэгтэй.

5.2.1.10 МХТХ-ны гишүүдийг хүндэтгэж, эрх тэгш харилцах үүрэгтэй.

5.2.2 Жинхэнэ гишүүний эрх үүрэг, хариуцлага

5.2.2.1 МХТХ-ны гишүүн  аливаа байгууллага хувь хүмүүсийн өмнө өөрийн хууль ёсны эрх ашгаа зөрчигдсөн гэж үзвэл өргөдөл энэ тухайгаа биечлэн өргөдөл гаргаж  3-дагч этгээдийн өмнө хамгаалуулах, төлөөлүүлэх эрхтэй.

 5.2.2.2 МХТХ-ны бүх гишүүдийн хурал болон Удирдах зөвлөл, МХТХолбооны ерөнхийлөгчийг сонгоход саналын эрхтэй оролцож сонгох,  нэр дэвшиж  сонгогдох эрхтэй.

5.2.2.3 МХТХ-ны зохион байгуулагдах сургалт болон бусад үйл ажиллагааны хөтөлбөр, арга хэмжээнд хөнгөлөлт эдлэх эрхтэй.

5.2.2.4 МХТХ-ны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж , зохион байгуулагдах арга хэмжээ сургалтын хөтөлбөрийн талаар мэдээллийг дэлгэрэнгүй, шуурхай авах эрхтэй.

5.2.2.5 МХТХ-ны хамтран ажилладаг гэрээт байгууллагуудаас хөнгөлөлт авах эрхтэй.

5.2.2.6 МХТХ-ны гишүүний татвараа тогтоосон хугацааны дагуу төлөх үүрэгтэй.

5.2.2.7 МХТХ-ны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах үүрэгтэй.

5.2.2.8 МХТХ-ны дүрэм, холбогдох журмуудыг мөрдөх үүрэгтэй.

5.2.2.9 МХТХолбооны зүгээс гишүүдэд зориулан хийж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцох үүрэгтэй.

5.2.2.10 МХТХ-ны гишүүдийг хүндэтгэж, эрх тэгш харилцах үүрэгтэй.

5.2.3 Хүндэт  гишүүний эрх үүрэг, хариуцлага[D2] 

5.2.3.1 МХТХ-ны бүх гишүүдийн хурал болон Удирдах зөвлөл, МХТХолбооны ерөнхийлөгчийг сонгоход саналын эрхтэй оролцож сонгох,  нэр дэвшиж  сонгогдох эрхтэй.

5.2.3.2 МХТХ-ны зохион байгуулагдах сургалт болон бусад үйл ажиллагааны хөтөлбөр, арга хэмжээнд хөнгөлөлт эдлэх эрхтэй.

5.2.3.3 МХТХ-ны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж, зохион байгуулагдах арга хэмжээ сургалтын хөтөлбөрийн талаар мэдээллийг дэлгэрэнгүй, шуурхай авах эрхтэй.

5.2.2.4 МХТХ-ны хамтран ажилладаг гэрээт байгууллагуудаас хөнгөлөлт авах эрхтэй.

5.2.2.5 МХТХ-ны гишүүний татвараас хугацаагүйгээр чөлөөлөгдөх эрхтэй.

5.2.2.6 МХТХ-ны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах үүрэгтэй.

5.2.2.7 МХТХ-ны дүрэм, холбогдох журмуудыг мөрдөх үүрэгтэй.

5.2.2.8 МХТХ-ны гишүүдийг хүндэтгэж, эрх тэгш харилцах үүрэгтэй.

5.2.4 Дэмжигч гишүүн байгуулагын эрх үүрэг

5.2.4.1 МХТХ-ны албан ёсны цахим хуудасны хамаарах хэсэгт өөрийн байгууллагын танилцуулгыг байршуулах эрхтэй

5.2.4.2 МХТХ-ны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж, зохион байгуулагдах арга хэмжээ сургалтын хөтөлбөрийн талаар мэдээллийг дэлгэрэнгүй, шуурхай авах эрхтэй.

5.2.4.3 МХТХ-ноос зохион байгуулагдах аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сургалтанд хөнгөлөлттэй нөхцлөөр хамрагдах эрхтэй.

5.2.4.4 МХТХ-ны гишүүний татвараа тогтоосон хугацааны дагуу төлөх үүрэгтэй.

5.2.4.5МХТХ-ны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах үүрэгтэй.

5.2.4.6 МХТХ-ны дүрэм, холбогдох журмуудыг мөрдөх үүрэгтэй.

5.2.4.7 МХТХ-ны гишүүдийг хүндэтгэж, эрх тэгш харилцах үүрэгтэй.

5.3 МХТХ-ны гишүүн элсүүлэх, бүртгэх, үнэмлэх тэмдэг олгох, гишүүнчлэлийг дуусгавар болгох, цуцлах, түдгэлзүүлэх журмыг Удирдах зөвлөлөөс баталсан журмын дагуу шийдвэрлэнэ.

ЗУРГАА. МХТХ-НЫ  ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА.

6.1 МХТХ-ны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байна. Хурлын чөлөөт цагт Удирдах зөвлөл байна.

6.2 Бүх гишүүдийн ээлжит хурал жилд 1 удаа хуралдана. Бүх гишүүдийн хурлаар МХТХ-ны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох ба Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа  3 жил байна.

6.3 Бүх гишүүдийн хурлын тов, хэлэлцэх асуудлын товчоог Ерөнхийлөгч гарган холбоонд бүртгэлтэй хаягаар болон цахим хуудсаар дамжуулан мэдэгднэ.

6.4 Бүх гишүүдийн хурал ердийн олонхи буюу 50%-иас дээш ирцтэй тохиолдолд хүчин төгөлдөр байна. Хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар хэлэлцсэн асуудлыг батлагдсанд тооцно.

6.5 Бүх гишүүдийн хурлыг хурлын тэргүүлэгчид удирдан явуулна.  Хурлын тэргүүлэгчдийг  ердийн олонхийн саналаар буюу 50%-иас дээш хувийн саналаар бүх гишүүдийн хурлаас сонгон батална. Хурлын дэгийг Тэргүүлэгчид тогтооно. Тэргүүлэгчид дотроосоо хуралдаан даргалагчийг сонгоно.

6.6 Бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхтэй.

Үүнд:

6.6.1 МХТХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах;

6.6.2 МХТХ-г өөрчлөн байгуулах, татан буулгах;

6.6.3 МХТХ-ны бодлого, үйл ажилагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах;

6.6.4 МХТХ-ны тухайн жилийн төсвийг батлах;

6.6.5 МХТХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх,  Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх; тэдгээрийн эрх хэмжээг тогтоох, гэрээний нөхцлийг тогтоох;

6.6.6 Дүрмээр зөвшөөрөгдсөн болон хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

6.6.7 Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс оруулж ирсэн цаг үеийн асуудлыг хэлэлцэн, батлах;

ДОЛОО. МХТХ-НЫ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

7.1 Дараах бүтэц, зохион байгуулалттай байна. 

7.2 МХТХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирлаар ахлуулсан Гүйцэтгэх алба эрхлэн явуулна.

7.3 МХТХ-ны Гүйцэтгэх албаны бүтэц зохион байгуулалт, орон тоо, үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө төсвийг Удирдах Зөвлөлөөс батална.  

7.4 Гүйцэтгэх албыг Гүйцэтгэх захирал удирдана. Гүйцэтгэх захирлыг удирдах зөвлөлөөс томилно.

7.5 Гүйцэтгэх захиралтай Ерөнхийлөгч гэрээ байгуулна.

НАЙМ. ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

8.1 Бүх гишүүдийн хурлын хооронд МХТХ-ны үйл ажиллагааг Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

8.2 Удирдах зөвлөл нь удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгч , гишүүдийг оролцуулан нийтдээ 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.

8.3 Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Бүх гишүүдийн хурлаас батална.

8.4 Удирдах зөвлөлийн сонгуулийг 3 жил тутамд явуулна.

8.5 Удирдах зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигч нь сүүлийн 3 жил гишүүний татвараа төлсөн, холбооноос зохион байгуулж буй эвент арга хэмжээ, сургалт, бусад олон нийтийн үйл ажиллагаанд 3 жилийн туршид идэвхитэй оролцсон, холбоонд үнэлж болох хувь нэмэр  оруулсан, холбооны жинхэнэ гишүүн ба хүндэт гишүүн нэрээ дэвшүүлнэ.

8.6 Удирдах зөвлөлд нэр дэвшигч нь бүх гишүүдийн хурал болохоос ажлын 30 хоногийн өмнө өөрийн танилцуулгыг холбооны цахим хаягаар хүргүүлнэ.

8.7 Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлсэн гишүүдийг Бүх гишүүдийн хурлаар 3 жилийн хугацаатай олонхийн саналаар сонгоно. Удирдах зөвлөлд 1 удаа бүх гишүүдийн хурлаас улиран сонгогдож болно.

8.8 Удирдах зөвлөл хэлэлцэж тохиролцсон асуудлаараа  тогтоол гарна.

8.9 Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан тогтоол, нууц санал хураалтын тоогоор, ил санал хураалтыг  нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар , гаргах тогтоолын талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Удирдах зөвлөлийн гишүүн бичгээр тайлбар гаргах эрхтэй.

8.10 Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ эрх тэгш байх бөгөөд шийдвэрийг энгийн олонхын саналаар гаргана.

8.11 Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2 сар тутамд 1 удаа хуралдах бөгөөд тухай бүр хурлын тэмдэглэл үйлдэнэ.

8.12 Удирдах зөвлөл нь цаг үеийн тулгамдсан асуудлаар яаралтай шийдвэр гаргах үед удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3 хүсэлтээр ээлжит бус хурлыг Ерөнхийлөгч эсвэл Гүйцэтгэх захирлын санаачлагаар зарлаж болно.

8.13 Удирдах зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй

8.13.1 МХТХ-ны бодлого, хэтийн төлөв , хэрэгжүүлэх стратегийг тодорхойлох;

8.13.2 МХТХ-ны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг боловсруулж Бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлдэх;

8.13.3 Бүх гишүүдийн хуралд үйл ажиллагааны тайлан тавих;

8.13.4 Бүх гишүүдийн хурлын тогтоолыг хэрэгжүүлэх;

8.13.5 Гишүүн элсүүлэх журмыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоох, өөрчлөх;

8.13.6 Удирдах зөвлөлийн гишүүдээс холбооны үйл ажиллагааг хэрэгжүүлэх, идэвхжүүлэх, бэхжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулах эрхтэй;

8.13.7 Ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжих, төсөв баталж өгөх, хянах журмыг батлах эрхтэй.

8.13.8 Гүйцэтгэх албаны үйл ажиллагааны төлөвлөгөө, орон тоо, төсвийг батална.

8.13.9 Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, түүнтэй байгуулах гэрээний төслийг батлах;

8.13.10 Үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө, орлого бүрдүүлэх үйл ажиллагааг удирдан явуулах;

8.14 Удирдах зөвлөлийн хурал

8.14.1  Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.

8.14.2  Удирдах зөвлөлийн хурал хоёр төрөл байна. Үүнд:

А.  Ээлжит хурал:

Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг 2 сар тутам 1-ээс доошгүй удаа хуралдуулна. Ээлжит хурлын хугацааг байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан байна.

Б.  Ээлжит бус хурал:

Ээлжит бус хурлыг Ерөнхийлөгчийн шийдвэрээр эсвэл Гүйцэтгэх захирлын хүсэлтээр, Удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3 –ний хүсэлтээр хэзээ ч зарлан хуралдуулж болно.

8.14.3  Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийн санал болгосноор Гүйцэтгэх захирал боловсруулж хурал болохоос 3 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.

8.14.4 Хурал болохоос өмнө Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд бичгээр саналаа өгч болох бөгөөд энэхүү саналыг хүчин төгөлдөр хэмээн үзэж, санал өгсөн Удирдах зөвлөлийн гишүүнийг хуралд оролцсонд тооцно.

8.14.5 Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонх буюу 50%-иас дээш нь удирдах зөвлөлийн хуралд оролцсон тохиолдолд тухайн хурлыг хүчинтэй гэж үзнэ.

8.14.6  Хурлын шийдвэр:

8.14.6.1 Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг олонхийн саналаар батална.

8.14.6.2 Удирдах зөвлөлийн шийдвэр бичгээр гарч Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

8.14.6.4 Удирдах зөвлөлийн шийдвэр хурлаас гарсан хамтын шийдвэр тул цөөнх болсон гишүүд түүнийг дагаж мөрдөнө.

8.14.7 Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл:

8.14.7.1 Хурлын тэмдэглэлийг Гүйцэтгэх захирал, түүнийг эзгүйд Ерөнхийлөгчийн томилсон этгээд хөтлөнө.

8.14.7.2 Хурлын тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ.

8.14.7.3 Гишүүн тайлбараа бичгээр гаргана.

ЕС. ЕРӨНХИЙЛӨГЧ БУЮУ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ЭРХ, ҮҮРЭГ

9.1 МХТХ-ны Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн дарга бөгөөд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

9.1.1 МХТХ-ны албан ёсны төлөөлөгч бөгөөд төр, засгийн болон олон нийтийн байгууллагууд түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох хамтран ажиллахад Удирдах Зөвлөлийг тэргүүлэн, гишүүдийн эв нэгдэл, харилцан хамтын ажиллагааг манлайлан тэргүүлж ажиллана.

9.1.2 МХТХ-ны жилийн нэгдсэн тайланг бүх гишүүдийн хуралд танилцуулна.

9.1.3 Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулна.

9.1.4 Удирдах зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, даргална.

9.1.5 Ерөнхийлөгч буюу удирдах зөвлөлийн даргыг 1 удаа улираан 3 жилийн хугацаатай сонгож болно.

9.1.6 Ерөнхийлөгч буюу удирдах зөвлөлийн дарга нь ар гэрийн гачигдал, хүндээр өвдөх, удаан хугацаагаар холбоог төлөөлөх боломжгүй хүндэтгэн үзэх аливаа шалтгаан гарвал энэ тухайгаа удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлаж удирдах зөвлөлийн 2/3 ийн саналаар Бүх гишүүдийн хуралд оруулан санал тавих эрхтэй.

9.1.7 Ерөнхийлөгч гүйцэтгэх албаны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй.

АРАВ. ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

 10.1. Хяналтын зөвлөл нь Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэртэй холбогдсон гомдлыг хянах, Холбооны үйл ажиллагааны талаар хөндлөнгийн аудитын гаргасан санал, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

10.2 Хяналтын зөвлөлд гишүүний татвараа сүүлийн 2 жил тасралтгүй төлсөн, Холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд сүүлийн 1 жил идэвхтэй оролцсон, холбооны жинхэнэ гишүүн бүх гишүүдийн хуралд нэрээ дэвшүүлэн, Бүх гишүүдийн хурлын олонхийн саналаар сонгогдож 3 жилийн хугацаагаар үүргээ биелүүлнэ.

10.3 Хяналтын зөвлөлд зөвхөн 1 удаа улиран сонгогдож болно. 

10.4 Хяналтын зөвлөлийн дарга болон зөвлөлийн гишүүд нийлээд 3 хүний орон тоотой байна.

10.5 Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь өөрийн танилцуулгыг ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө холбооны цахим хуудсаар хүргүүлнэ.

10.6 Хяналтын зөвлөл үйл ажиллагаандаа бие даасан, ил тод, нээлттэй байх, бусдын нөлөөнд үл автах, гишүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, салбарын хөгжлийг хөгжлийг дэмжих зарчмыг удирдлага болгоно.

10.7 Хяналтын зөвлөл дараах эрх эдэлнэ. Үүнд:

10.7.1  Холбооны олон нийтэд мэдээлсэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах;

10.7.2 Холбооны үйл ажиллагаа, түүний үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;

10.7.3. Холбооны шийдвэр, үйл ажиллагааны талаар гаргасан гомдолтой холбоотой тайлан, мэдээлэл, шаардлагатай бусад бичиг баримтыг удирдах зөвлөлөөс гаргуулан авах;

10.7.4  Хяналтын зөвлөл дараах үүрэгтэй. Үүнд:

 10.6.1 Холбооны жилийн санхүүгийн тайланд аудит хийх аудитын байгууллагыг сонгоход хяналт тавих;

  10.6.2 Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих.

10.7 Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Хяналтын зөвлөлийн хуралдаан байна.

10.7.1 Хяналтын зөвлөл нь улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана.

10.7.2 Ээлжит бус хуралдааныг зөвлөлийн даргын санаачилга, эсхүл гишүүдийн олонхийн саналаар зарлан хуралдуулж болно.

10.7.3 Хуралдаан нь гишүүдийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.

10.7.4 Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох материалыг хуралдаан эхлэхээс ажлын 3 хоногийн өмнө гишүүдэд бичгээр тараана.

10.7.5 Хяналтын зөвлөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

10.7.6 Хяналтын зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байх бөгөөд тогтоолд Хяналтын зөвлөлийн дарга гарын үсэг зурна.

10.7.7 Хуралдааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд тэмдэглэлд хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурна. Хуралдааны тэмдэглэлд хэлэлцсэн асуудлаар гишүүдийн хэлсэн үг, гаргасан саналыг үнэн зөв, бүрэн бичиж тэмдэглэнэ.

10.7.8 Хуралдааны тэмдэглэлд хэлэлцсэн асуудлын жагсаалт, холбогдох материалыг хавсаргана.

10.8 Хяналтын зөвлөл үйл ажиллагааныхаа тайланг Бүх гишүүдийн хуралд танилцуулна.

АРВАН НЭГ. АЖЛЫН ХЭСЭГ

11.1. Ажлын хэсэг  нь гишүүдийн санаачлагаар Холбооны зорилго, зорилтын дагуу үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдана.

11.2. Ажлын хэсэг нь Холбооны албан ёсны нэгж байх бөгөөд Удирдах зөвлөлөөс баталсан эрхийн хүрээнд Холбоог төлөөлнө.

11.3. Ажлын хэсэг нь өөрийн дотоод бүтцээ бие даан боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулна.

11.4. Ажлын хэсгийн дарга нарын үүрэг:

11.4.1. Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захиргаатай нягт хамтран ажиллах.

11.4.2. Ажлын хэсгийн дарга нар ажиллах журам, зохион байгуулалт, уулзалтын хуваарийг боловсруулж удирдах зөвлөлд танилцуулдаг байна.

11.4.3. Ажлын хэсгийн гишүүдийг зохион байгуулж ажлын төлөвлөгөө болон журмыг боловсруулж, Ерөнхийлөгчөөр батлуулдаг байна.

11.5 Ажлын алба гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсөв гаргаж, Гүйцэтгэх захирлаар хянуулсны дараа Удирдах зөвлөлийн хурлаар батлуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГАА БА ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

12.1. Гүйцэтгэх захиргаа:

12.1.1. Гүйцэтгэх захиргаа нь удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлж өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах үүрэгтэй орон тооны багаас бүрдсэн ажлын алба мөн.

12.1.2. Гүйцэтгэх захиргааг Гүйцэтгэх захирал удирдана.

12.2. Гүйцэтгэх захирал:

12.2.1. Холбооны гэрчилгээний ард нэр нь бичигдэж, гэрээ хэлцэл, албан бичиг, санхүүгийн тайланд гарын үсэг зураг эрхтэй, Холбоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захиргааг удирдан ажиллаж байгаа орон тооны дарга мөн. Гүйцэтгэх захирлыг Ерөнхийлөгчийн санал болгосноор удирдах зөвлөл томилно.

12.3. Гүйцэтгэх захирлын эрх, үүрэг:

12.3.1. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх;

12.3.2. Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

12.3.3. Холбооны нэрийн өмнөөс холбогдох байгууллагатай харилцаж ажиллах;

12.3.4. Гүйцэтгэх захиргааны хүний нөөцийг бүрдүүлэх, удирдах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх;

12.3.5. Сайн дурынхан болон олон нийттэй ажиллах;

12.3.6. Удирдах зөвлөлийг болон холбооны гишүүдийг мэдээллээр хангах;

12.3.7 Удирдах зөвлөлийн хурлаар батлуулсан төсвийн дагуу санхүүгийн гүйцэтгэл хийж, байгууллага, хувь хүнтэй хийх санхүүгийн бичиг баримтыг гарын үсгээр баталгаажуулан, удирдах зөвлөлийн хуралд тайлагнах;

12.3.8 Удирдах зөвлөлийн хурлаар батлагдсан төсвийн дагуу Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах;

12.3.9 Санхүү татварын тайлан тооцоог холбогдох байгууллагад тухай бүр тайлагнах;

12.2.10 Архив албан хэрэг хөтлөлтын стандартын дагуу холбооны албан бичиг, дүрэм журмыг зохион байгуулах;

12.2.11 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээ, гэрээний үндсэн дээр компанийг төлөөлөн гэрээ хэлцэл байгуулах, албан харилцаанд төлөөлөх;

12.4. Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.

12.5 Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ.

ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТ

13.1. Холбоо нь зорилгоо хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтын эх үүсвэртэй байна.

13.2. Холбооны орлого дараах эх үүсвэрээс бүрдэж болно. Үүнд:

13.2.1. Гишүүдийн татвар;

13.2.2. Гишүүд болон гадаад, дотоодын иргэд, байгууллагаас өгсөн хандив;

13.2.3. Гадаад, дотоодын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн ажлын төсөв;

13.2.4. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;

13.2.5. Байгууллагын бэлэгдэл бүхий бараа борлуулсаны орлого;

13.2.6. Төсөл хэрэгжүүлэх зорилгоор Улсын төсөв, донор байгууллага, Засгийн газрын тусгай сангаас олгосон хөрөнгө;

13.2.7. Бусад орлого;

13.3. Холбооны санхүүгийн жил нь төсвийн жилтэй давхцах бөгөөд анхных нь бүртгүүлсэн өдрөөс эхэлж тухайн жилийн 12-р сарын 31-нд дуусна. Тухайн санхүүгийн жил 1 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд байна.

13.4. Холбооны Санхүүгийн үйл ажиллагаанд Гүйцэтгэх захирал хяналт тавьж, эрх бүхий байгууллагад тайланг журмын дагуу гаргах ба хөндлөнгийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулж болно.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ.

ХОЛБООНЫ ЗАРЛАГА

14.1. Холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоор хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

14.2. Холбооны гадаад болон дотооддоо сургалт явуулах, арга хэмжээ зохион байгуулах, бусад бүхий л үйл ажиллагааг удирдах зөвлөлөөр хэлэлцүүлсэн төсвийн дагуу гүйцэтгэнэ.

14.3. Холбоо нь орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргээр ашиглахыг хориглоно.

14.4. Удирдах зөвлөлийн гишүүн болон ажилтан нь холбооны эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

14.5. Холбоо нь Улсын Их хурал, Ерөнхийлөгчийн болон Иргэдий Төлөөлөгчдийн хурлын сонгууль, нам, эвсэл, нэр дэвшигчдэд хандив өгөхийг хориглоно.

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ.

ХОЛБООГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ

15.1. Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр шаардлагатай гэж үзвэл Холбоо нь бусад байгууллагатай нэгдэн нийлэх, эсвэл хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдаж болно.

15.2. Холбоог татан буулгах шийдвэрийг бүх гишүүдийн хурал /эрх барих дээд байгууллага/ гаргана.

15.3. Татан буугдахад зохих төлбөр тооцоог хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм байгууллага байхгүй бол зорилгод нийцсэн үйл ажиллагаанд хандивлана.

15.4. Холбоог үндсэн зорилгоо биелүүлсэн гэж үзсэн бол Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад үндэслэлийн дагуу татан буулгах буюу өөрчлөн байгуулж болно.

15.5. Татан буулгасан буюу өөрчлөн байгуулсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор холбогдох байгууллагуудад мэдэгдэнэ.

АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ.

ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

16.1. Бүх гишүүдийн хурлын олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

16.2. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг ажлын алба болон гүйцэтгэх захиргаа боловсруулж, удирдах зөвлөлөөр хянуулсан байна.

16.3. Нэмэлт өөрчлөлтийг бүх гишүүдийн хурлын тогтоол гарснаар хүчин төгөлдөр болно.

16.4. Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг холбогдох байгууллагад 14 хоногийн дотор явуулах ажлыг гүйцэтгэх захиргаа хариуцна.

БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛЫН ДАРГА  ЭНХБААТАРЫН ОРХОН

Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гишүүнчлэлийн журам

bottom of page