top of page

Эрх чөлөө, цэвэр агаар, одод

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны төгсөгч Оргилбаатартай хийсэн ярилцлага

Жуулчны хөтөч, тайлбарлагч болсон түүхээ хуваалцвал

2015 он хавьцаа хоёр дахь их сургуульдаа сураад яг ямар замаар явах вэ гэж эргэлзэж байлаа. Тэгээд нэг өдөр “ер нь хөтөч хийж үзье” гэсэн шийдвэр гаргаад Нью Жуулчны дэргэдэх сургалтад суусан. Эхний жилдээ олон аялалд явж чадаагүй, хотын ойр аяллуудаар (Тэрэлж, Хархорин гэх мэт) туршлага хуримтлуулж байв.

Дараа нь Mongolia Trekking-ийн Батбаяр ахтай танилцаж, түүний ачаар Drive Mongolia-гийн Баатарням ахтай холбогдсон. Ингээд Хөвсгөлийн морин аялал, Говь, бусад төрөл бүрийн аяллуудад явж эхэлсэн дээ. Ангийн аялал, шувууны аяллаас бусдыг бараг бүгдийг хийж үзсэн. Ингэсээр арван жил өнгөрч, завсар хооронд кино зураг авалт, баримтат киноны аялал гээд бүх салбарт оролцсон туршлагатай болжээ.

– Хөтчөөс гадна юу хийдэг вэ?
Өвөл бол гэртээ байх дуртай. Орчуулгын ажил хийдэг, бас хоббиндоо цаг гаргана.

– Хобби?
Зураг авах. 📸 Мэргэжлийн онцлог ч нөлөөлдөг. Өөрийгөө илүү хөгжүүлэхээр чармайж байна. Нэг хэвийн аяллыг олон давтаж хийхийг хүсдэггүй, тэрний оронд төрөл бүрийн аяллыг туршиж үзэх сонирхолтой.

оргилбаа.jpg

​– Хөтөч тайлбарлагчийн үнэ цэнэ?
Жуулчин Монголын талаарх бүх мэдээллээ таниар дамжуулж авдаг. Тэгэхээр нэг талаараа улс орноо төлөөлсөн жижиг “дипломат” гэж хэлж болно.

– Энэ ажлыг ямар хүн хийхэд тохиромжтой вэ?
Сониуч, олон хүнтэй харилцах дуртай, мэдээллээ бусадтай хуваалцах хүсэлтэй хүн. Бас ажилдаа дуртай байх.

– Хөтөчид ямар чадварууд хэрэгтэй вэ?
Нэгэн зэрэг багш, эмч, сурвалжлагч, сэтгүүлч, хөтлөгч, сэтгэлзүйч, түүхч шиг ажиллана. Заримдаа бүр тогооч, эмчийн ч үүргийг гүйцэтгэх хэрэг гардаг.

– Харин мотоциклын аяллын онцлог?
Энгийн аяллаас илүү эрсдэлтэй, тэсвэр шаарддаг. Морин аяллын адил олон цагаар явна, жуулчдаа байнга хянаж явна. Замын нөхцөл шавар, шороо, уруу, өгсүүр гэх мэтээр сорилт ихтэй. Тиймээс нэг дор жолооч, хөтөчийн ажлыг зэрэг хийдэгтэй л адил. 🏍️

оргилбаатар.jpg

– Энэ зуны хамгийн их идсэн амттан?
Өрөм. 😅 Дуртай болохоороо л хамгийн их идсэн юм байна. Чихэр, жимснээс илүү ааруул, өрөм хоёртоо татагддаг.

– Зуныг гурван үгээр дүрслээ гэвэл?
Эрх чөлөө, цэвэр агаар, одод. 🌌

– Гол нуурын эрэг үү, уулын агаар уу?
Уулын агаар. Энэ зун бүр ч давамгайлж байна. Дараалсан 6 мото аялалтай гарсан болохоор ихэнхдээ уул хадаар яваад өнгөрлөө.

– Хөгжилтэй асуулт: “Гадаа шээчихэж болох юм уу?” гэж үнэнээрээ асууж байсан уу?
Тэгж асуусан шүү. 😅 Аяллын явцад хүмүүсийн бодит асуулт заримдаа инээдтэй, бас сонин байдаг.

– Мартагдашгүй өдөр?
7 сарын сүүлээрх Онгиос–Улаан цутгалангийн хоорондын аялал. Бүтэн өдөржин бороо орж, шавартай замаар туулсан нь миний хувьд сорилт болсон. Туршлага дутуу мотоцикльчинд шавар гэдэг үнэхээр хүнд. Гэхдээ тэр өдөр анх удаа нэг ч уналгүй зорьсон газартаа хүрч чадсан нь миний хувийн рекорд. 💪

– Жуулчдын хамгийн этгээд асуулт?
Яг нэгийг нь онцлоход хэцүү. Учир нь тэдний амьдралын орчин биднээс огт өөр. Бидний хувьд энгийн мэт зүйл тэдэнд итгэмээргүй санагдаж, тэндээс л этгээд асуултууд гардаг.

– Энэ зун таныг төлөөлөх дуу?
Урна Цахар Тугчийн “Хөдөө”. Энэ дуунд их дуртай, намайг бүрэн илэрхийлнэ гэж боддог.

– Аяллын үеэр жуулчдад хэлэхдээ өөрөө ч инээчихдэг өгүүлбэр бий юу?
Шагайн мэргэний тайлбар. 😄 Ихэнх хариулт нь ерөнхий байдаг болохоор жоохон хошигнол хийгээд орчуулж хэлэхээр илүү ойр тусдаг.

– Зуны турш танд хамгийн хэрэг болсон trick?
Бэлтгэл. Өмнөх аяллаа нарийн тооцоолоод, юу гарч болохыг урьдчилан бэлдэхээр аялал жигдхэн, гайгүй явдаг.

– Сургалтаас сурсан зүйл?
Мэдээллээ системтэй, ончтой, ойлгомжтой бэлдэх арга. Энэ нь жуулчдад илүү хүртээмжтэй, тодорхой мэдээлэл өгөхөд тус болдог.

оргилбаатара.jpg

Хөтөч тайлбарлагч нарт захих үг

Эхлээд сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй. Гаднаас харахад аялж яваад, зундаа мөнгө олоод их амархан мэт санагддаг. “Би хэлтэй юм чинь хөтөч хийчихье, компанид санал болгооч” гэж олон хүн хэлдэг. Гэтэл бодит байдал дээр маш эрт босож, орой унтаж, аяллыг аюулгүй, цаг алдалгүй, хөтөлбөрийн дагуу явуулах нь хөтчийн үүрэг. Жуулчид, хамт явж байгаа баг, буудал, амралтын газар гээд бүх талуудын сэтгэл ханамж таны хариуцлага дээр тогтдог.

Тиймээс тун хариуцлагатай ажил. Зуны хэдхэн сардаа нойр багатай, тасралтгүй бодох зүйл ихтэй байхаас гадна байнга асуултад хариулах, хүсэл сонирхолд нь нийцүүлэх нь амаргүй. Хүмүүс гэр бүлээрээ амарч байхад та ажилласаар л байна. Тиймээс тухтай амралт, хувийн цаг гэдгийг мартсан нь дээр ч гэж хэлж болно.

Орлогын хувьд ч анхнаасаа өндөр биш. Өөрийгөө үнэлүүлж, тусгай сонирхлын аяллуудад оролцдог, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хөтөч болох хүртэл нэлээд зам туулна. Тиймээс мөрөөдлийн ажил гэхээс илүү бусад ажлын адил хариуцлагатай ажил гэдгийг ойлгож эхлэх нь чухал. Хичээл зүтгэл гаргавал цалин, үнэлгээ, орлого дагаж өсдөг.

Ярилцсанд баярлалаа

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page