top of page

Энэ бол миний зүрх сэтгэлээ дагасан сонголт.

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны төгсөгч Паагийнаатай хийсэн ярилцлага

 

Жуулчны хөтөч тайлбарлагч болсон түүхээсээ хуваалцаач.


Би багаасаа түүх, уран зохиолд дуртай хүүхэд байсан. Нэг мэдэхэд номын хуудаснаас л Монголынхоо түүх, соёлыг судалж, өөрийнхөөрөө ойлгож эхэлсэн байлаа. Тэр мэдрэмж намайг бусдад ярьж өгмөөр, таниулмаар, бахархмаар болгодог байсан. Эцэст нь хувийн бизнес эрхэлж, компанид ажиллаж байсан ч хүсэл сонирхлын хүч намайг жуулчны хөтөчийн ажил руу чиглүүлсэн юм. Энэ бол миний зүрх сэтгэлээ дагасан сонголт.

viber_image_2025-09-03_19-58-45-405.jpg

Солонгос хэлний хөтөч тайлбарлагчийн хувьд, солонгос жуулчдын онцлог юу вэ?

Солонгос жуулчидтай аялж явахаар тэдний нэг онцгой чанарыг шууд л анзаардаг. Тэд үзсэн, мэдэрсэн бүхнээ яг тэр мөчид сэтгэл хөдлөлтэйгээр илэрхийлдэг. Байгалийн нэгэн үзэмж, цаг агаарын өөрчлөлт, эсвэл миний өгч буй энгийн тайлбар хүртэл тэдэнд шинэ нээлт мэт санагддаг.

Жишээ нь, адууны сүргийг хараад зүгээр өнгөрөхгүй. “Энэ сүрэгт азарга нь байгаа юм байна, харин унага, даага, гүү, нас бие гүйцсэн морьд нийлээд сүрэг болдог юм байна. Тэгвэл азаргыг нь яаж сонгодог юм бэ? Өөр сүргээс авчирдаг уу?” гэх мэтээр маш нээлттэй, сониуч асуулт тавина.

Нэг талаараа тэдний тэр илэн далангүй байдал нь аяллыг улам амьд болгодог. Юуг сонирхож байгаагаа, юунд эргэлзэж байгаагаа шууд хэлнэ. Сэтгэл хөдлөл нь өндөр, хүлээж авах нь маш соргог учраас хөтөчийн хувьд хариулах бүртээ өөрөө ч баярлаж, шинэ зүйлийг дахин нээж байгаа мэт мэдрэмж төрдөг.

viber_image_2025-09-03_19-48-48-511.jpg

Зуны хамгийн их идсэн амттан?
Сүүн зайрмаг. Бас американо. (инээв) Солонгос жуулчид кофегоо салгахгүй, манай сүүн зайрмагийг “гайхалтай” гэж ярихыг сонсохоор өөрөө ч илүү амтархаж иддэг болсон.

Зуныг гурван үгээр дүрслээч.
Амар амгалан. Үзэсгэлэнт байгаль. Түмэн од.

Гол нуурын эрэг үү, уулын агаар уу?
Хангай, говь хоёрын дунд л миний зуны аяллууд өрнөдөг. Говийн шаргал элсэн дээрх зөөлөн салхи, хангайн өндөр уулсын сүүдэрт мэдрэгдэх сэрүүн агаар — энэ хоёрын дундаас нэгийг нь сонгоно гэвэл үнэхээр хэцүү.

Аяллын үеэр сонссон хамгийн хөгжилтэй асуулт?
“Танайх ийм их малтай мөртлөө яагаад тарвага иддэг юм бэ?” гэж нэг жуулчин асууж билээ. Тэр үед би өөрөө ч хэсэг гайхаж бодсон. (инээв)

“Аа, энэ өдөр маргалдахгүй юм байна” гэж бодогдсон мөч бий юу?
Тийм ээ. Кемп, гест хаусын алдаа дутагдлаас болж зочид тав тухаа алдах үе байсаан. Хэдийгээр миний буруу биш ч зөрчилдөөн үүсгэхээс илүүтэйгээр уучлал хүсч, асуудлыг хурдан шийдэх нь зөв байдаг. Хөтөчийн хувьд уян хатан байдал хамгийн том туршлага юм байна гэдгийг би ойлгосон.

Жуулчнаас ирсэн этгээд асуулт юу байв?
“Бөө хүн ирээдүйг хэлдэг нь үнэн үү?” (инээв)

Энэ зуныг дуугаар дүрслэх бол?
The Hu-ийн “Наадам”. Би бүх жуулчиддаа сонсгосон, бүгдэд нь таалагдсан.

Энэ зуны хөгжилтэй дурсамжаас хуваалцвал?
Цэнхэрийн рашаан руу явж байтал хоёр тарвага зам дээр ноцолдож таарав. Манай жуулчид үнэхээр баясаж, оройжин хоорондоо дуурайж ноцолдсоор байсан. Тэр өдөр үнэхээр инээдтэй, дулаахан дурсамж үлдээсэн дээ.

Мэргэжлийн сургалт танд хэр хэрэг болсон бэ?
Гайхамшигтай боломж гэж би хэлнэ. Ёс зүй, эрх зүйн мэдлэгээс эхлээд өдөр бүрийн дадлага сургуулилт — бүгд миний өнөөдрийн ажил мэргэжлийн суурь болсон. Хэрэв тэр сургалтанд суусангүй бол би магадгүй нэгэн халтуурчин хөтөчөөр үлдэх байсан байх.

524839539_1466669154366301_2447753114377361614_n.jpg

Хөтөч болохыг хүсч буй залууст хэлэх үг?
Монголынхоо байгаль, түүх, соёл, ахуйгаа судалж мэдэхээс илүү гоё хөрөнгө оруулалт гэж үгүй. Чи мэдлэгтэй байхын зэрэгцээ ёс зүйтэй, тэвчээртэй, хүнийг хүндэлдэг байх ёстой. Тэгж чадвал манай орныг зорин ирсэн жуулчин бүр чамайг зөвхөн хөтөч биш, харин Монголын дүр төрх гэж харна.

Ярилцсанд баярлалаа

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

Contact

99168741, 86180226

Follow

  • Instagram
  • Facebook

©2024 by Mongolian Professional Tour Guides Association.

bottom of page