top of page

МХТХ-НЫ 2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо нь гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус мэргэжлийн холбооны хэлбэртэй төрийн бус байгууллага юм. 
Аяллын хөтөч тайлбарлагчдын нийтлэг, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төлөөлөх, мэдлэг боловсрол, ур чадвар олж авахад мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө, сургалт, арга зүйгээр хангах, сурталчлах, ажлын байрны нэгдсэн мэдээллийн тогтолцоог бий болгох замаар ур чадвартай ажилтан болоход нь чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой.
2020 оны онцлох үйл явдлуудыг танилцуулбал:

1.jpg

Мэдлэг, туршлага хуваалцах уулзалт

5 удаагийн уулзалт

Энэ онд аяллын хөтөч тайлбарлагч нарт зориулсан туршлага хуваалцах уулзалт хэлэлцүүлгийг нийт 5 удаа зохион байгууллаа. Анхны уулзалт хэлэлцүүлгийг 1 дүгээр сарын 16-ны өдөр “Орчуулга хийхэд соёлын ялгаа хэрхэн нөлөөлөх вэ” сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Зочноор МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхимийн эрхлэгч, Антропологич, доктор Д.Бум-Очир уригдсан бөгөөд 100 гаруй хүн оролцсон өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг болж өндөрлөсөн билээ. Дараа дараагийн туршлага хуваалцах хэлэлцүүлгийг 4 дүгээр сарын 16, 23, 30-ны өдрүүдэд 7 хоногийн давтамжтайгаар “Дэлхийн Монголчууд” сэдвийн дор цуврал хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд энэ цуврал хэлэлцүүлгийн зочныг сонгохдоо аялал жуулчлалын хөтөч нараас урьж оролцуулснаараа онцлогтой бөгөөд 40-50 хүн хамрагдсан юм. Мэдлэг хуваалцах уулзалт хэлэлцүүлгийн зочноор аяллын хөтөч тайлбарлагчаар ажилладаг Б.Батмөнх, Д.Намжилдорж нар уригдан оролцсон юм. Туршлага хуваалцах уулзалтыг 1 сарын 17-ны өдөр аяллын компаниудын менежерүүдэд зориулан зохион байгуулсан бөгөөд  холбооны сургагч багш Б.Дуламсүрэн, холбооны үүсгэн байгуулагчдын нэг М.Нарангэрэл нар ажиллаа.

2.jpg

Аяллын хөтөч тайлбарлагчдад "Ур чадвар олгох сургалт"

Тэнхимийн сургалт

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо 2020 онд ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас хамаараад “Аяллын Хөтөч Тайлбарлагчийн Ур Чадвар Олгох” сургалтыг нэг удаа 10 суралцагчийн бүрэлдэхүүнтэйгээр 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм. Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн албан ёсны хөтөлбөрийн дагуу аяллын хөтөч тайлбарлагчид байвал зохих ур чадвар, техникийг эзэмшүүлэх зорилготой тус сургалтанд хамрагдахаар 143 хүн бүртгүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 25- ны өдөр ярилцлага хийн 35 хүнийг сонгон шалгаруулсан билээ. 
Хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох сургалт нь хөтөч тайлбарлагчийн ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхэд шаардагдах техник, ур чадвар, аргыг эзэмшүүлэх зорилготой юм. Тус сургалтын хөтөлбөрийг суралцагч төвтэй сургалтын шинэлэг арга барилаар заадаг. Суралцагчдад мэргэжлийн техникийг танилцуулах, түүнийг хэрэглэх дадлагыг олон удаагийн давтамжтай хийхийн зэрэгцээ, хөтөч тайлбарлагчийн ажилд шаардлагатай арга хэрэгслүүдийг тухайн суралцагч зөвхөн өөртөө зориулан бэлдэж, өөрийн гэсэн хэв маягийг хөгжүүлэхэд сургагч багш нар тусалдаг.

5.jpg

Хамтарсан сургалтууд

570 хүн сургалтанд хамрагдав

2020 онд мэргэжлийн  байгууллагуудтай хамтран аяллын хөтөч тайлбарлагч нарт зориулсан ерөнхий мэдлэгийн 3 сургалтыг зохион байгуулсан. Үүнд: 

  1. Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Монголын Аялал Жуулчлалын Холбоо ТББ, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг ТББ -тай хамтарсан “Хөтөч тайлбарлагчдын ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг олгох, анхан шатны тусламжийг үзүүлэх нь” сэдэвт сургалтыг 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Сургалтанд нийт 73 хүн бүртгүүлснээс эхний өдрийн сургалтанд 52 суралцагч, хоёрдахь өдрийн сургалтанд 50 суралцагч оролцсон. 

  2. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн захиалгаар Хагийн Хар нуур орчимд морин аяллын хөтөч хийдэг нутгийн хөтөч нарт зориулсан “Байгальд ул мөргүй аялах зарчим” хээрийн сургалтыг 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Нутгийн хөтөч нарт ул мөргүй аялах зарчмыг таниулах, байгальд ээлтэй, хохирол учруулахгүй байх, түүнийг хамгийн бага түвшинд байлгах мэдлэг олгох зорилготой энэхүү сургалтанд Байгальд ул мөргүй аялах нийтлэг зарчмууд, Тогтвортой аялал жуулчлал, Хог хаягдлын менежмент, майхан барих, хоол хүнсний хог хаягдлыг зөв ангилж хаях гэх мэт агуулгын хүрээнд онол, дадлага хосолсон байдлаар сургалтыг зохион явуулсан. Зохион байгуулагч төслийн баг нутгийн хөтөч нарт сургалтын зарыг тараах ажлыг Тэрэлжийн БЦГ-ын захиргаатай хамтран хийсэн, гэвч Тэрэлжийн БЦГ-ын захиргаа сургалт болох өдрийг нутгийн хөтөч нарт андуурч хэлснээс болж сургалтын эхний өдөр оролцогч байхгүй, хоёр дахь өдөр 12 оролцогч ирсэн юм. Тус сургалтад Б.Мөнхбат, Ж.Батсүрэн нар сургагч багшаар ажиллан, зохион байгуулалтыг ажлыг хариуцан амжилттай зохион байгууллаа. 

  3. Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газартай хамтран Тэрэлжид морин аялал хийдэг хөтөч нарт зориулсан “Ул мөргүй аялах зарчим” сэдэвт сургалтыг холбооны сургач багш Б.Мөнхнаран, Ж.Батсүрэн нар амжилттай зохион байгуулсан. Энэхүү сургалтаар ул мөргүй аялах зарчмыг даган мөрдөх, тогтвортой аялал жуулчлалыг ойлгон хэрэгжүүлэх зорилготой. Суралцагчдын оролцооны боломжийг Тэрэлжийн захиргаанаас судлан санал тавьсаны дагуу сургалтыг үдээс өмнө болон үдээс хойш 2 удаа 18-20 хүнтэй явагдсан юм.  Сургалтанд хамтрагдсан бүх хүмүүс аялал жуулчлалд их бага хэмжээгээр ажилладаг, зарим хүмүүс морин аялал хийсэн олон жилийн туршлагатай байв. 

  4. БОАЖЯамнаас зохион байгуулсан зочлох үйлчилгээний 10 чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд манай холбоо Баруун, Зүүн болон Говийн бүсэд “Зочид Буудлуудын Холбоо”, “Трэвел Хаб Монголиа”, “Гайхамшигт Говь” ТББ-тай хамтран ажилласан. 2020 оны 9 дүгээр сараас эхэлсэн уг сургалт 2 сар гаруй хугацаанд үргэлжилж 11 дүгээр сард дууссан юм. Манай холбоо нийт 12 аймаг, 1 суманд зохион байгуулагдсан сургалтын хамтран зохион байгуулагчаар ажилласан. Нэг аймагт зохион байгуулсан сургалт 4-5 өдөр үргэлжилсэн. Тус сургалтанд манай холбооны сургагч багш нар болох Б.Мөнхбат, Б.Мөнхнаран, Э.Орхон, Г.Урантуяа нар багшилсан. Монгол улсад аялаж буй гадаад болон дотоодын жуулчин, зочид, төлөөлөгчдөд үйлчилгээ үзүүлэх хөтөч тайлбарлагч, жолооч нарт “Мэргэжлийн ур чадвар, ёс зүйн” анхан шатны мэдлэг эзэмшүүлэх зорилготой тус сургалтаар онол, дадлагын мэдлэг, чадамжуудыг олгосон болно. Сургалтанд аймгийн соёлын байгууллагын ажилчид, мөн музейн ажилтнууд, жолоооч нар хамрагдсан байна. Сургалтын үеэр музей болон явган аяллын дадлага хийхдээ аймгийн музейн үзмэр, орон нутгийн түүх соёлын дурсгалаас сонгож тайлбар хийлгэх, мөн сургалтын үеэр тухайн аймаг орон нутагт зохион байгуулагдаж буй томоохон эвентэд түшиглэн тайлбар хийх дадлага хийлгэсэн зэрэг нь  энэ сургалтын дадлага хичээлийн нэг том давуу тал байсан юм. 


Баруун бүсийн сургалт: 

  1. Говь-Алтай аймагт 2020 оны 10 сарын 4-9

  2. Ховд аймагт 9 сарын 21-26

  3. Завхан аймагт 9 сарын 28-наас 10 сарын 2  

  4. Баян-Өлгий аймагт 9 сарын 21-27

  5. Увс аймагт 9 сарын 28-наас 10 сарын 2-ний өдрүүдэд тус тус үргэлжилсэн. 


Зүүн бүсийн сургалт:

  1. Хэнтий аймгийн төв Чингис хотод 2020 оны 9 сарын 21-24

  2. Хэнтий аймгийн Дадал сум 9 сарын 25-27

  3. Дорнод аймагт 9 сарын 28-наас 10 сарын 1

  4. Сүхбаатар аймагт 10 сарын 2-6

            Говийн бүсийн сургалт: 

  1. Дундговь аймагт 2020 оны 9 дүгээр сарын 21-24 

  2. Өмнөговь аймагт 9 дүгээр сарын 24-28 

  3. Говьсүмбэр  аймагт 10 сарын 5-10 

  4. Дорноговь аймагт 11 сарын 3-7 

Энэ сургалтад нийт 570 суралцагч хамрагдсан байна. Энэ тоог доорх хүснэгтэнд аймаг тус бүрээр харуулав.

АХТ-ын өдөрлөг

5 сар

Жил бүрийн 5 сард “Аяллын хөтөч тайлбарлагчдын өдөрлөг”-ийг манай холбооноос зохион байгуулдаг. Ковид-19 цар тахлын улмаас энэ жилийн өдөрлөгөөр олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулаагүй хэдий ч аяллын хөтөч тайлбарлагч нарт зориулсан Видео мэндчилгээ хийж Youtube болон Facebook-ээр хүргэсэн юм.

1.png

Ёс зүйн дүрэм

НАЖГ, Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран Улаанбаатар хотод мөрдөгдөх Аяллын хөтөч тайлбарлагчын Ёс зүйн дүрмийг боловсрууллаа.

bottom of page