99168741, 86180226
Хайр, Аялал, Өсөлт
Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны төгсөгч Энхцэцэгтэй хийсэн ярилцлага
– Энэ зун хамгийн их идсэн амттан чинь юу байв?
– Хонины мах. (инээв) Зуны аялалд махгүй өдөр гэж бараг байсангүй дээ.
– Тэгвэл зуныг гурван үгээр тодорхойлооч.
– Хайр, аялал, өсөлт. Энэ зун надад ойр дотныхны халуун дулаан хайр, шинэ газруудтай танилцсан аялал, түүнээсээ олсон өөрчлөлт, дэвшил бүгд зэрэгцэн байсан.
– Гол нуурын эрэг үү, уулын агаар уу? Аль нь давамгайлсан бэ?
– Уулын агаар. Уулсын нам гүм, цэлмэг тэнгэр, амьсгаа дүүрэн мэдрэмж хамгийн их санагдсан.
– Аяллын үеэр та хамгийн хөгжилтэй ямар асуулт сонссон бэ?
– “Танай гэрт очиж болох уу?” гэдэг асуулт байсан. Огт хүлээгээгүй мөртлөө хөгжилтэй санагдсан.

– Хөтөчөөс өөрөөр ямар ажил хийдэг бэ?
– Хувийн эрх зүйн салбарт хуульчаар ажилдаг. Мөн Хятад хэлний цагийн багшаар ажиллаж байгаа.
– Харин чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
– Кино үзэх, бүжиглэх, аялах дуртай. Заримдаа унтах, идэх ч миний хувьд хамгийн гоё хобби. (инээв)

– Харин хамгийн онцгой, мартагдашгүй мөч нь?
– Машины хойд дугуй хажуугаар өнхөрч өнгөрсөн тэр мөч. Аймшигтай хэрнээ одоо бодоход адал явдал шиг санагддаг.
– Хамгийн этгээд асуулт сонсож байсан уу?
– Одоогоор тийм зүйл таараагүй ээ.
– Аяллын замд сонсох дуртай дуу тань юу вэ?
– “Look at the sky” – OsMan.
– Нэг хөгжилтэй зүйл сонсъё. Аяллын явцад жуулчдад хэлдэг хамгийн сонин зөвлөгөө чинь юу вэ?
– “Хөдөө гараад бүгдээрээ байгалийн 00-д орж болно шүү” гэдэг. (инээв)
– Энэ ажилд тань хамгийн хэрэг болсон ур чадвар юу байв?
– Раппо үүсгэх. Энэ нь ядарсан үед өөрийн төдийгүй жуулчдын сэтгэл санааг тайвшруулахад маш их тустай байдаг.

– Сургалтаас сурсан зүйлс чинь одоо хэр их хэрэг болж байна вэ?
– Маш их. Өдөр тутмын ажилдаа бүгдийг нь ашиглаж байна.
– Таны бодлоор сайн хөтөчийн гол чанар юу вэ?
– Мэдлэг, ур чадвар, эрүүл чийрэг байдал хэрэгтэй. Гэхдээ үүнээс гадна хөтөч хүн заавал төлөв даруу байх ёстой.
– Эцэст нь асууя. Хөтөчийн мэргэжлийг нэг өгүүлбэрээр тодорхойлбол?
– Хөтөч тайлбарлагч болоход маш өргөн хүрээний мэдлэг хэрэгтэй. Тиймээс юуны түрүүнд сониуч зан зайлшгүй шаардлагатай гэж боддог.
Ярилцсанд баярлалаа


