Мэдлэгт дусал

МХТХолбооны сургагч багш нарын бичсэн нийтлэлүүдээс

 

Миний мэдэх тогоруу

Б.Ишбалжир 2021 он

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол нутагтаа Хөтөч-тайлбарлагч (ХТ) хийж, гадны жуулчдад нутаг орныхоо үүх түүх, ёс заншил, уламжлал ахуй болон байгалийн сайхныг таниулж тайлбарлан явахдаа “Манай Монгол орон ямар уудам, яасан баялаг юм бэ?” гэж түмэнтээ шагшин бахдан дуу алдсансан. Тэр олон олон гайхамшигт учиралуудыг баяжуулж байдаг зүйл бол зэрлэг онгон байгаль түүнийг шүтэн амьдрагч ан амьтан, араатан жигүүртэн, цэцэг ургамал билээ.


Ер нь ХТ хийж явахад тал бүрийн өргөн мэдлэг шаардагдаж байдаг. Хэдий чинээ их олон талын мэдлэгтэй байж гэмээ нь ХТ хүний яриа илүү баялаг сонирхолтой байж, төдий чинээгээрээ жуулчид Монгол орны маань тухай илүү гүн гүнзгий мэдлэг мэдээлэлтэй болж түүгээрээ нутаг орныг маань илүү ихээр таньж мэдэх нь дамжиггүй. Ингэж чадаж гэмээ нь Монгол орноо бид жинхэнэ утгаар нь сурталчилж чадна гэсэн үг. Хүн ер нь маш сайн мэддэг юмандаа дуртай бас хайртай байдаг шүү дээ. Өнөөдөр би тэр их баялаг дундаас онцгойлон тогоруу хэмээх энэ эрхэмсэг ганган шувууны тухай өөрийн мэдэх хэрээр та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.


Дэлхий дээр нийт 15 төрөл зүйл тогоруу байдаг бөгөөд Антарктид болон Өмнөд Америк тивээс бусад бүх тивд тохиолдоно. Биеэр харьцангуй том энэ шувуу дэглий мэтийн бусад төстэй харагдах шувуудаас ялгарах гол онцлог нь нисэж явах үедээ хүзүүгээ нугалдаггүй харин сунгасан чигээрээ нисдэг. Мөн үржлийн үедээ хос хосоороо амьдрах боловч бусад үед хэдэн арав, хэдэн зуугаараа сүрэглэн амьдарна. Идэш тэжээлийн хувьд улирал болон газар нутгаас хамааран янз бүр. Үр тариа, жимс жимсгэнээс авхуулаад хорхой шавьж, загас жараахай бүр зарим тохиолдолд бага хэмжээний мэрэгчдээр хүртэл хооллох нь ч бий. Ихэвчлэн ус намгархаг газар үүрээ засаж хос өндөг гаргах бөгөөд эх эцэг хамтран үр төлөө өсгөж бойжуулан дараагийн үржлийн үе хүртэл харж хандана. Зарим тогоруу шувууд нүүдэллэн амьдрах бөгөөд харин зарим нь огт нүүдэллэдэггүй ч бий. Байгальдаа амьдарч буй тогоруу 20 насалдаг бол харин амьтны хүрээлэнд 70 хүрэх нь ч байдаг юм байна. Харамсалтай нь хүний нөлөөнөөс үүдэн ихэнх тогоруу шувууд их бага хэмжээгээр устах аюулд орсон байдаг.


Монгол оронд маань харин эдгээр 15 төрөл зүйл тогоруу шувуудаас 7 төрөл зүйл бүртгэгдсэн байдгаас 5 нь түгээмэл ажиглагддаг. Харин Алаг тогоруу болон Хар хүзүүт тогоруу хэмээх энэ 2 төрөл зүйл нь нэн ховор тохиолдоно. Эдгээрээс хамгийн их түгээмэл тохиолддог 5 төрөл зүйлийн төгорууны тухай товчхон танилцуулъя. Шинжлэх ухаан талаас нь интернэт дээр байдаг мэдээллүүдийг оруулахаас аль болохоор зайлсхийж харин ХТ хүнд хэрэгтэй байж магадгүй хэмээн өөрийн зүгээс зарим нэг мэдээллийг голчлон орууллаа. Англи түгээмэл нэрсийг нь ашиглан интернэтээс тогоруу тус бүрийн зургийг хялбархаан олж үзэж болох тул энд оруулахыг түвдсэнгүй.



Өвөгт тогоруу – Demoiselle Crane

Монгол оронд хамгийн элбэг тохиолддог энэ тогоруу биеэр хамгийн жижиг нь бөгөөд хуурай хээр талд хамгийн сайн дасан зохицсон байдаг нь бусад тогоруудаасаа ялгаатай. Нэрний хувьд Өвөг гэдэг нь өвгөн гэсэн утгатай хамааралгүй харин шилээ дагасан туг (өвөг) үсээр нь (өд) ийнхүү нэрлэжээ. Харин Англи нэр нь залуу хатагтай гэсэн утгыг илэрхийлж байдаг нь энэ гоо үзэмжит шувууны хувьд нэн зохижээ гэлтэй. Хар тэнгисээс Монголын уудам тал хүртэл тархан амьдрах энэ шувуу маш хол хүнд замыг туулан нүүдэллэдэгээрээ алдартай бөгөөд Монголоос Энэтхэг хүртэл нүүдэллэхдээ Гималайн өндөр уулсыг давах шаардлагатай болдог бөгөөд ингэхдээ агаарын дулаан урсгал ашиглан асар их хүч энерги зарцуулан байж 5000 – 8000 м өндөр уулсыг давж байгаа тухай BBC алдарт “Planet Earth” цувралдаа гайхалтай сайхнаар зураглан буулгасан байдаг.


Монгол орны аль ч бүс нутагт тэр байтугай Говьд хүртэл Өвөгт тогоруутай элбэг тааралдана. Гол таних шинж нь нүдний араас шилийг нь даган ургасан цагаан өнгийн туг өд мөн хүзүү хоолойг нь дагасан хар өнгийн өд зэргээр таньж болно. Гэхдээ анхлан харж байгаа болон төдийлөн туршлагагүй хүнд Хархираа тогоруу болон Хар тогоруутай андуурах гээд байдаг. Сайтар анзаарвал бусад ихэнх тогоруунд байдаг толгойн орой дээр улаан өнгийн толбогүй байх бөгөөд энэ нь нүдний улаан өнгийг тодотгож өгдөг. Мөн цагаан өнгийн “гэзэг” нь бусад тогоруудаа бодвол илүү их сахлаг унжиж харагдана. Мөн “Тогоруу хөөрхөн Тоодог муухай” гэж чангаар дуулан хэлвэл жигүүр дэлгэн үсчин бүжиглэж өгдөг.  J


Хархираа тогоруу – Common Crane

Их нууруудын хотгорын Дөргөн, Хар, Хар ус, Айраг, Хяргас, Увс нууруудын ойролцоох чийглэг нуга, Хангай, Хэнтий, Дорнод Монголын томоохон голын хөндий, намгархаг нууруудаар ихэвчлэн амьдрана. Нүүдлийн үедээ Их нуурын хотгор, Булган голын хөндий, Халх гол, Сэлэнгэ, Орхон, Туул, Улзын голын хөндийд тааралдана. Нүүхийн өмнө олноороо нэг дор цуглардаг. Нүүдлийн үедээ тариан талбайд бууж идээшлэх дуртай энэ шувууд хаа холын Африкийн хойд нутаг, Иран, Өмнөд Азийн нутгууд, Энэтхэг, БНХАУ-уудад хүрч өвөлждөг.

Хархираа тогорууний сүүл бусад тогоруудаа бодвол илүү сагсгар, манайхнаар бол тарган хониний сүүл шиг ондойж харагдах нь содон байдаг. Энэ нь адилхан харагдаж болох Өвөгт тогоруунаас ялгарах нэг шинж болно. Гэхдээ биеэр бол Өвөгт тогоруунаас харьцангуй том байдаг.

Хар тогоруу – Hooded Crane
Якут болон Хабаровскоор голдуу зусдаг энэ тогорууны ихэнх нь Японд өвөлждөг. Харин Монголын зүүн хэсгээр ихэвчлэн ажиглагддаг. Өвөгт тогоруунаас арай том харин Хархираа тогоруунаас арай бага биетэй энэ тогоруу нь толгой болон хүзүү нь цагаан байдаг бөгөөд харин биеийн бусад хэсэг нь саарал өнгөтэй харагдана.


Цэн тогоруу – White Naped Crane

Дэлхий даяар нэн ховордсон энэ үзэсгэлэнт тогоруу одоо ердөө 5000 хүрэхгүй  тоо толгой үлджээ. Ус намгархаг газар шүтэж амьдардаг энэ тогорууг эхэлж харахад нэн түрүүнд хацар дээрх том гэгчийн тод улаан өнгө ялгарч харагдана. Харин ахиулан сайтар харвал ар шилээ дагсан тод цагаан өнгийн өдтэй, биеийн ихэнх нь саарал өнгөтэй харагдах бөгөөд хөл нь ягаан байдаг. Өвөгт тогорууг бодвол дуу хоолой нь илүү гүнзгий бөгөөд чанга байдаг. Хэрэв ойрхноос нисэж таарвал далавчны агаар зүсэх дуу нь их тод дуулдах бөгөөд энэ нь бусаддаа дохио өгч сэрэмжлүүлэх зорилготой.

Гүн Галуутын гэр баазын урд байх Цэнгийн бүрдэнд жил болгон зусдаг цөөн тооны хос байдаг нь бидэнд хамгийн ойрхон харж болох цэг боловч Цэн тогорууны гол цөм нь “Тогорууны нийслэл” гэж нэрлэж болох Хурхын хөндийд ихээр цугларч зусдаг. Сонирхуулж хэлэхэд Хэнтий аймгийн Биндэр сумын урд 4м өндөр Цэн тогорууны баримал бусад төрөл зүйлийн тогорууны хөшөөний хамт байдаг.

Цагаан тогоруу – Siberian White Crane

Хамгийн түрүүнд тодоос тод цагаан өнгө мөн улаан өнгийн нүүр болон хошуу нь энэхүү нэн ховор тогорууны гол таних тэмдэг. Биеэр Монголын тогоруу шувуудын хамгийн том нь буюу 140см хүртэл өндөртэй. Бие нь нэлэнхүйдээ цав цагаан харагдах боловч нисэх үед нь далавчных нь үзүүр хэсэг нь хар өнгөтэй байдаг нь тодхон харагдана. Монголд өндөглөдөггүй зөвхөн дайран өнгөрдөг учир харахад тун ч амаргүй. Аз таарвал Монголын зүүн хэсгээр дайран өнгөрч явахад нь харах боломжтой.


Тогоруу шувуудын тоо толгой ингэтлээ цөөрсөн нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Газар тариалан болон мал аж ахуйн шууд нөлөөлөл эдгээр гоо үзэмжийн төлөөлөл болсон тогоруу шувуудыг устах аюулд хүргэж байна. Монгол орны хувьд шувуудыг тэр дундаа тогорууг алж устгах байтугай үүрэн дээр нь сүүдрээ тусгахаас цээрлэдэг уламжлалтай боловч үүрээ засаж өндөглөдөг газруудад нь мал бэлчээж улмаар үүр өндгийг нь малын хөлөөр талхалж сүйтгэх нөхцлийг бүрдүүлдэг нь устах шалтгааных нь нэг нөхцөл болдог.


Харин сүүлийн үед тогоруу шувууг хамгаалах нэн чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаа явуулж байгаа нь жил бүрийн 6 сард Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт зохион байгуулдаг “Тогорууны баяр” юм. Олон улсын тогорууны сан (ICF), Зэрлэг амьтан судлах хамгаалах төв (WSCC Mongolia) зэрэг энэ төрлөөр судлах хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын санаачилсан энэхүү баярыг Хэнтий аймаг болон Биндэр сумын ЗДТГ, байгаль хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагууд мөн аялал жуулчлалын “Mongol Khan Expeditions” болон “Geographic Expeditions” компаниудын дэмжлэгтэйгээр жил бүхэн уламжлал болгон хийж байна. Баярын үндсэн зорилго нь тогоруу, түүний амьдрах орчинг хамгаалахад чиглэдэг бөгөөд үүнийгээ хүүхдээр дамжуулан орон нутгийн иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх замаар хэрэгжүүлдэг юм.


Ингээд төгсгөлд нь шувуу ажиглах болон байгальд аялаж явах үедээ та бүхний анхаарвал зохих цөөн хэдэн зөвлөгөөг хүргэе:


  • Тогоруу харагдвал ямар төрөл зүйлийн тогоруу вэ гэдгийг ялгаж сурахыг хичээгээрэй. Шувуу ажиглах гарын авлага эсвэл интернэтээс зургийг нь хадгалаад авбал танихад илүү дөхөмтэй байдаг. Дуран биедээ болон машиндаа ойр авч явах хэрэгтэй. Зургийг нь авч чадвал дараа нь илүү нарийвчлан харах, танихад хэрэг болдог.

  • Тогоруу болон бусад ямар ч төрлийн шувуудыг үргээж цочоож болохгүй. Зураг авах болон илүү сайн харах зорилгоор хэт ойртох хориотой. Ялангуяа өндөглөж байгаа шувуудад энэ үйлдэл нэн хортой байдаг.

  • Шувууд нас, хүйс болон улиралаас хамааран өнгө зүс өөрчлөгдөж байдаг. Иймд гарын авлага ашиглахдаа эр болон эм шувуу, залуу болон нас бие гүйцсэн шувуу мөн аль улиралд хэрхэн өнгө зүс нь өөрчлөгддөг вэ гэдгийг давхар анхаарч байгаарай. Эхлэн суралцагч нарт амаргүй байдаг учираас тун няхуур хандаарай.

  •  Зарим тогоруу жил өнжөөд өдөө гуужиж нисэх чадваргүй болдог тул нисэхгүй явгалж гүйгээд байгаа тогорууг хөөж хэрхэвч болохгүй.

  • Монголын шувуу ажиглагчдын груп болон бусад ижил төстэй групт гишүүнээр элсэж сүүлийн үеийн шинэ мэдээлэл авч мөн шувуу ажиглах аялалд нь оролцож мэргэжилтнүүдээс илүү ихийг сонсож байгаарай.


Тогоруу шувуу нь тэнгэртээ болон газартаа энх амгалан байдаг тийм сайхан эх нутгаа онгон дагшнаар нь хойч үедээ өвлүүлэн үлдээцгээе!

 

Тайга нохой юу Тайгын нохой юу?

О.Тулга

“Нохой хорио, Хүүш энэ одоо яаж байна аа? Гайгүй байгаа? Барьчих юм биш биз дээ! Гинжтэй юм байна- Зүгээр байхаа”.  Энэ бол бидний нийтлэг толгойд байдаг түгшүүр. Тэгвэл хүмүүс саарал чоныг гаршуулж өөрсдийнхөө дэргэд байлгаж хамгийн багадаа л 20 мянган жил өнгөрчээ. Тэгвэл 2020 оны байдлаар том жижиг, өндөр нам, урт богино хөлтэй олон янзын өнгөтэй 360 гаруй төрлийн нохой байдаг гэсэн cудалгаа гарчээ.  (http://www.fci.be/en/).


Tэдний нэг болох Тайгын нохойнуудын тухай энд дурдья. Тайгын нохой гэхээр хамгийн түрүүнд урт нарийхан хошуутай, зэгзгэр өндөр, тачир үстэй, урт сүүлтэй нохой санаанд ордог. Гэхдээ энэ бол бидний нэрлэж сурсан Талын Тайга нохой.  Бид энэ нохойн тухай биш Хөвсгөлийн Тайгад амьдрах түрэг угсааны Тагна-Тува цаачидтай амьдрах, тэдний үнэнч нохой болох бидний нэрлэж дадсанаар Тайгын нохойг онцлох болно.

Тува цаачдын амьдардаг аглаг ой тайгын нэрээр нэрлэгдээд байгаа Тайгын нохой яг ямар үүлдрийн нохой вэ? Хэдийд энэхүү үүлдэр үүсэв? Гэх мэт олон асуултуудад бага ч гэсэн хариулья.

Энэхүү судалгааг ойролцоо нутгийн нохойнуудын гарал үүсэл болон зургуудтай харьцуулан ажиглах байдлаар хийж байгаа бөгөөд зайлшгүй генийн төвшний судалгаа хийж тодорхойлох нь зүйтэй.


Ямартай ч маш их үнэрч, сэргэлэн, сонсгол сайтай, тоглож харайх дуртай, үсэрхэг, цагаан, хар, алаг, хүрэн улаан, саарал өнгөтэй  харьцангуй том биетэй эдгээр нохойнууд нь Лайка үүлдэрт хамаарагдана. Лайка гэдэг нь Хуцах гэсэн утгатай “Лаяут” гэдэг Орос нэрнээс гаралтай байж болох ба туухэн хугацааны явцад өөрчлөгдсөн байх магадлалтай. Хэдэн зуунаар энэ нохойтой хүмүүс амьдарсан боловч яг хэзээнээс эхлэн энэхүү үүлдэр бий болсон судалгаа байхгүй байна.  


Лайка нохой нь хэт хүйтэнд амьдрах чадвартай, бас тэд өөрсдийн гэсэн үүрэгтэй байдаг. Чарга чирэх, цаа малыг хариулахад туслах болон гэрээ мануулах мөн ан хийлгэх зорилгоор тэжээдэг байсан нь одоо ч хэвээрэй.

Бусад өөр үүлдрийн нохойнуудын адил өөрийн эзэмшил нутгаа нягт хамгаалдаг, гэр орон нь аюулд учрах юм бол маш ихээр хамгаалан тэмцдэг, хүнд хайртай эзэндээ үнэнч нохой юм.

1990 ээд оны эхээр баруун тайгад баавгай харанхуй шөнөөр айлын гадаа ирэхэд нохойнууд нийлж боорлон хуцсаар баавгайг хөөн явуулсан гэж цаачин Ц. Ганбат ах хуучилж суусан.     

Лайка нохой хөгжлийнхөө явцад биеийн хэмжээ, өнгө, төрх, зан ааш гэх мэт үзүүлэлтүүдээрээ хэд хэдэн бүлэг үүсгэсэн нь нэгэнт тодорхой болжээ. Үүнд:

  • Зүүн Сибир Лайка

  • Якут Лайка

  • Орос-Европ Лайка

  • Баруун Сибирийн Лайка

  • Карело-Финийн Лайка гэж ангилна.


Зүүн Сибир Лайка.    Якут Лайка.    Орос-Европ Лайка.  Баруун Сибир Лайка.   Карело-Фин Лайка

        

Мөн тэднийг амьдарч байгаа хэв шинж, онцлогоор нь

  • Анч Лайка

  • Чарганы Лайка

  • Цаа хариулганы

  • Ховор үүлдэрийн анч Лайка гэж ангилж үздэг.

Сонирхуулахад: Хамгийн анх сансарт (1957-11-3) нисгэсэн жижигхэн биетэй нохойг Лайка гэж нэрлэсэн байдаг. Энэхүү эм нохойг Монгрел- Террер- Хаски-Самойд нохойнуудын эрлийз гэж үздэг. Лайка үүлдэр биш гэсэн үг.


Тэгвэл Монголын Тайгын Лайка үүлдрийн нохой нь яг аль нь вэ? хаанаас гаралтай? Эдгээр асуултуудад хариулахын тулд цаачдын амьдарч байсан газар нутгийн тухай судалгаа хийх хэрэгтэй болно.  Тагна-Тувагийн газар нутаг Енисей Мөрний хөндийг даган Арктик хүртэлх өргөн уудам нутагт цаа маллан амьдардаг Ненец хүмүүсийн нутагтай хил залгана.

Оросууд Красноярскийн муж гэж нэрлэдэг.  Ненец гэдэг нь тухайн хэлээрээ хүн гэсэн утга агуулна (Ненец хэл нь Уралын хэлний бүлэгт хамаарна). Тэдэнд Сами – Самойд хэмээн муухай нэр өгсөн нь Оросууд юм.  


Эдгээр Ненец цаачин хүмүүс нь цаа хариулдаг Лайка нохойнуудтай байсныг Оросууд тэмдэглэн үлдээсэн байна. Тэгэхээр Монголын Тайга хөвчид байгаа Лайка нохойнууд нь Баруун Сибирийн Лайка нохойнууд  байж болох ба заримдаа бусад төрлийн Лайкануудын төрх, зүсийг харуулсан Лайка нохойтой таарах нь тэдний гентэй холбоотой байж болох юм.


Монголын тайгын эдгээр Лайка нохойнууд нь хүйтэн тэсвэртэй боловч өвлийн тэсгэм хүйтэн шөнөөр урцан-гэрт орж унтдаг. Тийм ч учраас өвөл зунгүй урцан гэрээр орж идэх юм хайн хэснэ. Тэд маш сэргэлэн тул гэр доторхи ил, далд байх хоол хүнс, идэх зүйлсийг маш сайн ангуучилна.


Хэрвээ та тайгад, цаачид дээр анх удаа очиж байгаа бол өөрийн идэж болох зүйлсийг сайн боогоод дээрээс өлгөх нь найдвартай байж болно. Нэг нохой миний найзын лаазтай самарыг урцан гэрээс нь сэмхэн авч гараад модны ард очин лаазыг нь цоо хазан цувуулан гарган идсэн байсантай таарч байсан.


Тайгын эдгээр нохойнуудыг анд ихээр хэрэглэдэг байсан бол одоо гэр орноо хамгаалуулах, чоно, байвгай гэх мэтийн араатнуудын эсрэг дуу чимээ өгөх гэх мэт зорилгоор тэжээдэг.

 

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

99168741, 86180226

  • Facebook

©2019 by Mongolian Professional Tour Guides Association.