top of page

ШУВУУ ХЭРХЭН АЖИГЛАХ ВЭ? Мэдлэг, туршлага хуваалцах онлайн уулзалт-8


Энэ удаагийн уулзалт маань олны дунд Шувууны Жаргал хэмээн танигдсан Л. Жаргалсайхан гуай оролцож Шувуу ажиглах ойлголтыг дэлгэрэнгүй хуваалцлаа. Өөрөө Олон Улсын Харилцаа судлаач мэргэжилтэй гадаад хэргийн яам, уул уурхайн компаниудад ажиллаж ирсэн ч шувуу ажиглах, шувууны гэрэл зураг авах хоббигоо хөөн, олон жил явсан болохоор өөрийн мэдлэг, туршлагаа бидэнтэй харамгүй хуваалцсан билээ. Дашрамд хэлэхэд Л.Жаргалсайхан гуай 1976 оноос хойш зураг авч эхэлсэн ба 2010-2020 онуудад Монгол орны шувууд, цох болон эрвээхэйн арав гаруй гэрэл зургийн цомог, ном, лавлах нийтлүүлсэн ба Франц, Саудын Араб, Финланд, Украины ном лавлахад бүтээлээ хэвлүүлж байсан туршлага, намтар арвинтай хүн билээ.



Монгол оронд одоогоор бүртгэгдээд байгаа 513 зүйл шувуудын ихэнх хувь нь нүүдэллэн ирж өндөглөөд буцдаг учир энэ удаагийн уулзалт Дэлхийн Нүүдлийн Шувуудын өдрийг угтан зохиогдож, шувуудыг хэрхэн хайрлах, хүндлэх талаар тодорхой ойлголт уриалгыг олонд хүргэж чадсан гэж олзуурхаж байгаа билээ.

Зочин илтгэгчийн “Бид хэн нэг айлын гэрт зочилж ороод эхнэр хүүхдүүдийг ямар хөөрхөн юм бэ гээд илдэж хөөгөөд байдаггүй биз дээ ” хэмээн хөгжилтэйгөөр хэлсний дагуу аялал жуулчлалын салбарынхан маань шувуу ажиглах аяллыг цаашид ХАРИУЦЛАГАТАЙГААР ХӨГЖҮҮЛЭН хүмүүст таниулах мөн гадаад, дотоодын жуулчдыг татах нэг томоохон боломж байгаа тухай ярилцаад авсан.

ШУВУУ АЖИГЛАХ НЬ ЭРҮҮЛ АМРАЛТ ЮМ. Өнөөгийн өдөр тутмын ажил амьдралд хотын бөөгнөрөл, амьдрах орон зайн хомсдол, өндөр хэмнэл, өрсөлдөөн, уламжлалт хэв шинжийн дутмагшил зэргийг Конрад Лоренц “Иргэншсэн ертөнцийн найман хар нүгэл” гэж тодорхойлсон ба ийм бөөгнөрлийн үед амьтны, түүний дотор хүний харгис түрэмгий зан араншин огцом нэмэгддэг гэсэн байдаг. Тэгвэл алжаал тайлах хамгийн энгийн бөгөөд байгальд ээлтэй аргуудын нэг билээ. Шувуу олж харахаар явбал эргэн тойрны бүх дарамт бодлоос бүрэн ангижирдаг.

ШУВУУ БУСАД АМЬТНААС ХАРЬЦАНГУЙ ЭЛБЭГ, ХАРАХ БОЛОМЖТОЙ. Хөхтөн амьтнаа манайхан ихээхэн устгасан, тэд дайжиж холдсоноос гадна, 130 гаруй хөхтөн амьтны олонхыг олж харахад төвөгтэй бол шувуу хотод ойрхон бий, ой модонд ч, гол усны эргээр ч, цөл хээр ч олж харна.

ШУВУУ БОЛ ХАРААД УЙДАХААРГҮЙ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ, олон янзын зүс төрхтэй, амьдралын хэв шинжтэй. Эрх чөлөөтэй нисэж нүүж байдаг, өнгө зүс, өд сөдөө өөрчилж төрх нь солигдоно. Хүнтэй адил олон ааш аяг, зан төрхтэй байдаг. Үнэхээр уйдаахгүй шүү.

ШУВУУ СОНИРХОХ НЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ БОЛОВСРОЛ. Байгалийн юмсыг танихгүй бол сонирхохгүй, сонирхохгүй бол хайрлахгүй. Зөвхөн шувуу гэлтгүй түүний амьдрах орчны мод бут, ургамал өвс, газар зүйн нэрийг олж мэднэ. Өнөө олон гэрбүл унаа тэрэгтэй, камер дурантай болж амралтаараа олноороо хөдөө хээр аялдаг болсон энэ цагт хүүхдийн боловсрол хүмүүжлийн нэг чухал хэсэг. Сургуульд олохгүй, зөвхөн эцэг эхээ дагаад сурах л бололцоо үлдсэн.

ШУВУУ БОЛ ТАНИН МЭДЭХҮЙН НЭГ ТОМ ҮҮД ХААЛГА. Ажигласан зурагласан шувуугаа тодорхойлохоос эхлээд агаад шувууны зан төрхийг мэдэхийн тулд их юм унших мэдэх шаардлага гардаг учраас байгалийн ухааны суурь мэдлэг боловсрол олох нэгэн бололцоо.


Шувууг хаанаас олж харах вэ?

Шувуу ажиглахад юу хэрэгтэй вэ?

Шувуу ажиглахад юу мэдэх ёстой вэ?

Шувууг яаж олж таних вэ?

Шувуу ажиглах ёс зүйн шаардлага! зэрэг сэдвийг хөндөн ярилцсан дэлгэрэнгүй ярилцлагыг манай холбооны YouTube сувгаас Like, Subscribe хийгээд үзээрэй.


Онлайн уулзалтын тойм бичсэн: Б.Мөнхнаран

Recent Posts

See All

Аялал жуулчлал сэргэж байна, та бэлэн үү?

Аялал жуулчлалын салбар огцом тэсрэлттэй сэргэж байна. 2023 оныг "Монгол улсад зочлох" жил гэж зарлалаа. Одоо ажиллах хүний нөөц, #хөтөч тайлбарлагчаа бэлдэх цаг хоолойд тулаад ирлээ. МХТХолбооноос хө

bottom of page