МХТХ ТББ бүх гишүүдийн хурлаа хийж, дүрэмдээ стратегийн шинэчлэл орууллаа

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо ТББ (МХТХ)-ны Бүх гишүүдийн хурал 2026 оны 11-р сарын 20-ны өдөр амжилттай хуралдаж, холбооны өнгөрсөн хугацааны үйл ажиллагааг дүгнэн, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойллоо.
Хурлаар 2024–2026 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, аялал жуулчлалын салбарын хөгжил, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, цаг үеийн шинэ шаардлагатай уялдуулан холбооны үйл ажиллагааны чиглэл, зорилтод стратегийн шинжтэй өөрчлөлтүүдийг оруулж, дүрмээ шинэчлэн баталлаа. Мөн Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ/MTO-н салбар холбооны хувьд 11-р сарын 25-ны өдөр болох бүх гишүүдийн хуралд хөтөч тайлбарлагчдыг төлөөллөө сонгосон бөгөөд Б.Мөнхбат, Б.Амаржаргал, Ц.Оргилбулаг, М.Мөнхнаран, Ч.Долгорсүрэн нар төлөөлөгчөөр сонгогдов.

Холбооны бүх гишүүдийн хурал нь гишүүдийн санал бодлыг нэгтгэх, холбооны дүрэм, үйл ажиллагааны чиглэлийг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, аялал жуулчлалын салбар дахь мэргэжлийн төлөөллийн оролцоог бэхжүүлэх ач холбогдолтой юм. Сонгогдсон төлөөлөгчид Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны бүх гишүүдийн хуралд хөтөч, тайлбарлагчдын санал бодол, эрх ашгийг төлөөлөн оролцоно.



